Монгол инженерийн ур ухаан чухлыг онцлов

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Монгол инженерийн ур ухаан чухлыг онцлов

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Зураг төсөл автоматжуулсан систем”-ийн улсын  анхдугаар олимпиад Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр  боллоо.

Инженерийн зураг төсөл, үйлдвэрлэлийн автоматжуулсан систем бүхий технологийг сурталчлах, оюутан, зохион бүтээгч инженерүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийг орчин үеийн түвшинд хүргэх, дэвшилтэт өндөр технологид үндэслэн боловсрол, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор улсын анхдугаар олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, санаачлан зохион байгууллаа. Олимпиадад оролцохоор Орхон, Дархан-Уул аймгаас  инженерүүд хүрэлцэн ирсэн юм. Тус олимпиадыг санаачлан зохион байгуулсан Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү: “Өнөөдөр бидний өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гар утас, тоос сорогч, хөргөгч, телевизороос эхлээд компьютерийн чип,  машин механизм, асар том сансрын техник тоног төхөөрөмж хүртэлх бүтээгдэхүүнийг зураг, төсөл, үйлдвэрлэлийн програм хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс Монгол инженер, ирээдүйн инженерүүдийн хүч чадлыг сорих, шинийг хийх бүтээх хүсэл эрмэлзлийн галыг асаасан энэ олимпиад уламжлал болон явагдах болно. Тиймээс дараа дараагийн тэмцээнд эртнээс бэлдэж, олон олон шинэ санаа энэ олимпиадаас төрөх болтугай” хэмээн, оролцогчдод амжилт хүслээ. Энэ үеэр Цахилгаан тээвэр компанийхан бүтээсэн будаа хамагч ачигч машинаа ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн юм.Энэ машин нь цагт 70-90 тонн будааг хамж ачих хүчин чадалтай юм. Манай тариаланчид өмнө нь ийм төрлийн машиныг Украинаас 20 гаруй сая төгрөгөөр авдаг байсан бол одоо дотооддоо захиалан хоёр дахин хямд үнээр авах боломжтой болж байна. Зураг төслийн автоматжуулсан системийг орчин үеийн инженерүүдийн заавал эзэмшсэн байх ёстой сургалт юм. Манай улс энэ чиглэлээр анхдугаар олимпиадыг зохиосон нь шинжлэх ухаан, боловсролын түүхэнд шинэ хуудас нээсэн алхам хэмээн оролцогчид дүгнэж байлаа. 

Олимдиадыг оюутны, инженер техникийн ажилтны, багийн гэсэн 3 хэсэгт хувааж зохион байгуулсан байна.  Эхний хоёр хэсгээс шалгарсан 8 оюутан, 8 инженер техникийн ажилтны дундаас сугалаагаар  4 баг бүрдүүлж, багийн тэмцээн зохион байгуулжээ. Оюутны хэсгээс ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Б.Нямбаяр нэгдүгээр байрт, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Ц.Ариунболд хоёрдугаар байрт, ОХУ-ын Братск хотын ТИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр гуравдугаар байрт тус тус шалгарчээ. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Хэнчбиш, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан  Б.Батболор нар тусгай байр эзэлсэн байна. Инженер техникийн ажилтнуудаас Эрдэнэтийн УБҮ-ийн инженер Б.Данаажав нэгдүгээр байрт, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай хоёрдугаар байрт, Улаанбаатар төмөр замын инженер Ц.Чинзориг гуравдугаар байрт, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат –Ирээдүй, АПУ компанийн инженер Ц.Гантулга нар тусгай байрт шалгарлаа. Нэгдүгээр байр эзэлсэн оролцогч  алтан медаль, нэг сая төгрөгөөр, 2-р байр мөнгөн медаль, 800 мянган төгрөг, 3-р байр хүрэл медаль, 500 мянган төгрөг,тусгай байрыг диплом, тус бүр 300 мянган төгрөгөөр байллаа.

Багийн тэмцээнд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан Б.Батболор, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Далайцэрэн, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй нарын бүрэлдэхүүнтэй баг түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом, аврагын диплом, нэг сая төгрөгийн шагнал хүртэв. Олимпиадын байр эзлэгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан нар диплом, медаль, мөнгөн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

С.Цэлмэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж