Есөн аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Есөн аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Ховд аймаг дахь Улсын нөөцийн цэг, салбарт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэлээ. Тээврийн зардалд шаардагдах 650 орчим сая төгрөгийн асуудлыг ирэх пүрэв гарагт болох Засгийн газрын  хуралдаанд оруулж хэлэлцүүлэх болсон байна.   Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасанд дарагдан 14 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй боллоо. Зарим нутагт цасны зузаан 20-40, гуу жалгандаа 40-100 см хүрснээс малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, хашаа, саравчиндаа тэжээхээс аргагүй байдалд хүрсэн байна.

Ялангуяа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дундговь, Өмнөговь аймагт олон жилийн дунджаас хэд дахин их цас орж, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 26-38 градус хүртэл хүйтэрч байна. Иймээс Улсын Онцгой комисс 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуралдан аймаг, орон нутаг дахь нөөцийн цэг, салбарт өвс, тэжээл нэмж байршуулах шийд гаргалаа. Оны өмнө гаргасан Улсын Онцгой комиссын албан даалгаврыг малчид, иргэдэд хүргэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхаарах, баруун аймгуудад зам, даваа цасанд хаагдаж байгаа учир тухай бүр шуурхай нээж байхыг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгов. Баг, сум, аймаг, малчин өвс, тэжээлийн 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үүний биелэлтийг авч үзэх шаардлагатай байгааг тэрээр онцгойлон анхаарууллаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж