
Мэрийг ийнхүү автобусанд суусан сургаар манай телевизүүд гэнэтхэн санасан гэлтэй нийтийн тээврийн үйл ажиллагааг эрчимтэй “мяалж” эхэлдэг байгаа. Энэ нь бага ч болтугай үр дүнгээ өгч байх шиг. Өглөө намайг автобусанд суухад жолооч, “дараагын зогсоол Дамбын эцэс” гэж хэлэх нь сонсогдсон. Би ч сурсан зангаараа хаана яваагаа мэдэх гэж автобусны цантсан цонхыг “долоож” суусан юм шүү дээ. Ямар ч байсан мэрийн ачаар буух буудал маань дөхөж байгааг мэдэхээр боллоо.
Ойрын өдрүүдэд автобусны тоо олшироод олон хүн суухгүй хэцүү байна. Шахалддаг, чихэлддэг байхад ч сайхан байж дээ. Ядаж л идэр есийн энэ хүйтэнд хажуу бөөрнөөс хүмүүс дулаацуулаад даардаггүйсэн. Бас хэт олон хүнтэй үед автобусны мөнгө төлөхгүй туулайчлах боломжтой байсан сан. Нийтийн тээвэрт гомдмоор олон проблем бий дээ. За тэр ч яахав. Ийм проблемуудыг мэр мэтийн нөлөө бүхий хүмүүс л шийднэ. Ерөөсөө эрхэм Ерөнхийлөгчөөс эхлээд манай улстөрчид бүгдээр нийтийн тээвэрт нэг өдөр суугаасай. Тэгээд нийтийн тээвэрт сууж ард түмнийхээ дунд орсон гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж “гайхуулах” хэрэгтэй. Үр дүнгээ лав өгнө дөө. Ингэвэл ядаж автобусууд нь цэмцэгнээд, кондуктор нь зөөлрөөд ирнэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ингэж л шийдвэрлэдэг.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин