Мехдитэй 150 ам.доллараар уулзана

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Мехдитэй 150 ам.доллараар уулзана

“NTV” телевизээр дөрөв дэх цуврал нь гараад буй “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг зөн билэгтнийг шалгаруулах ёслол энэ сарын 15-нд “Бөхийн өргөө”-нд болох гэж байна. Финалын шалгаруулалтад Оросын шилдэг зөн билэгтэн болох Мехди Ибрагим Вафа, Нонна Хидирян нар оролцож, Монголын зөн билэгтнүүдийг шүүх болсон нь олны анхаарлыг татаж байгаа.

Оросын “Битва Экстрасенсов” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Мехди Ибрагим Вафа, Нонна Хидирян нар Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдод өөрсдийн бэлтгэсэн даалгаврыг өгч, ялагч тодруулахад чамгүй үүрэг гүйцэтгэх ажээ. “Бөхийн өргөө”-нд болох шалгаруулалтыг үзэхийн тулд  15 мянган төгрөгөөр тасалбар худалдан авах ёстой. Энэ үеэр найман азтай үзэгч шалгаруулан Оросын зөн билэгтнүүдтэй уулзах боломж олгохоор зохион байгуулагчдын зүгээс бэлтгээд байгаа гэнэ лээ. Найман азтаны нэг болсон бол Мехди Ибрагимтай хоёр цаг уулзаж, хүссэн бүхнээ асууна гэсэн үг л дээ.

Үүгээр Оросын зөн билэгтнүүдийн сюрприз дуусахгүй ээ. Энэ сарын 18-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт хойд хөршийн зөн билэгтнүүдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт хийхээр зэхжээ. “Баянгол” ресторанд болох хүлээн авалтад очихыг хүссэн хүмүүс 150 ам. доллараар эрх олж авна. Хүлээн авалтад очсон хүн бүр Мехди Ибрагим Вафа, Нонна Хидирян нараас мөн л хүссэн асуултаа асууж, ярилцах боломжтой. Ямартай ч оросын телевизийн “Битва Экстрасенсов” шоуны ялагч болж, шуугиулаад авсан зөн билэгтнүүд ийм хөтөлбөртэйгөөр манай оронд саатах нь ээ. Тэднийг ирэх сургаар "С.Зориг агсны хэргийг эдгээр зөн билэгтнүүдээр үзүүлэх юм гэнэ лээ" гэсэн яриа олны дунд хийсч яваа ч яг энэ талаар албан ёсны мэдээлэл алга байна. Магадгүй тэд өөрсдөө ийм хүсэлт тавьсан ч байж болох юм.

Оросын зөн билэгнүүд Монголд… Энэ талаар уг шоуг зохион байгуулж буй “NTV” телевизийн ерөнхий продюсер Б.Түмэн-Өлзийгөөс тодрууллаа.

-Оросын зөн билэгтнүүд хэзээ ирэх вэ?

-Энэ сарын 14-нд Монголд ирнэ. Ирснийхээ маргааш нь буюу 15-нд “Бөхийн өргөө”-нд болох шоунд оролцож, Монголын шилдэг зөн билэгтнийг тодруулан, гарын бэлэг гардуулж өгөх юм. Оросын хоёр зөн билэгтэн маань өөрсдийн хүч чадлаасаа харуулах байх. Дундуур нь хамтлаг дуучид дуулна, азтай үзэгчдийг тодруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тэдэнд зориулсан хүлээн авалт болно гэсэн. Энэ талаар нэмэлт мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. “Баянгол” ресторанд хүндэтгэлийн зоог барих юм. Энэ үеэр хоёр зөн билэгтэнтэй уулзаж, ярилцах, хамт зургаа авахуулах боломжтой. Тиймээс маш цөөхөн хүнийг энэ хүлээн авалтад оролцуулах юм. Ойролцоогоор 60 хүнийг л оруулах байх.

-Тасалбарын үнэ нь 150 ам.доллар гэдэг нь үнэн үү?

-Тийм. Тэд Орост маш нэр хүндтэй шилдэг зөн билэгчид болохоор өндөр үнээр үздэг юм билээ. Иймд тасалбарын үнэ 150 ам.долларын үнэтэй байгаа. Мөн Оросын хоёр зөн билэгтэн энэ сарын 16-нд “NTV” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно. Энэ үеэр мөн азтай үзэгчийг шалгаруулж, асуулт асуух боломж олгоно.

-Манай улсад хэр удах вэ, хэзээ буцах бол?

-Дөрөв хононо.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж