Биокомбинатын захиралд таван хүн өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Биокомбинатын захиралд таван хүн өрсөлдөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Биокомбинат төрийн өмчит улсын үйлдвэрийн захирлыг сонгох тендерийг ТӨХ-ноос өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд зарласан юм. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах хугацаа өнөөдрийн 12.00 цагаар тасалбар болж, энэ хугацаанд таван хүн өрсөлдөх хүсэлтээ ирүүлсэн байна.

    Биокомбинат нь мал амьтны гоц халдварт ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, эдгээр өвчнийг эмчлэх болон оношлох зориулалттай бэлдмэл үйлдвэрлэдэг улсын цорын ганц үйлдвэр юм. Гэхдээ тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар Монголд жил бүр газар авах болсон шүлхий өвчний эсрэг вакциныг Энэтхэг улсаас, мал угаалгын бэлдмэлийг Солонгос улсаас авч улсад нийлүүлдэг байна. Улсын төсвийн мөнгөөр уг вакцин, бэлдмэлийг худалдан авч, эргээд улсад нийлүүлэх явцдаа удирдлагууд нь мөнгө завшдаг гэсэн хэл аманд өртөж байсан юм. 2006-2009 оны хооронд өнөөгийн удирдлагууд нь 400-аад сая төгрөгийг хувьдаа завшсан нь ТӨХ-ний ээлжит шалгалтаар илэрчээ. Үйл ажиллагааны хоцрогдол, өмч хөрөнгө шамшигдуулдаг эл байдлыг цэгцлэх үүднээс ТӨХ Биокомбинатын захирлыг өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан ч захирлын албыг хашиж буй Д.Насанжаргал тамга, тэмдгээ хүлээлгэн өгөхөөс татгалзсан юм. Улмаар ТӨХ захирлыг өөрчилсөн шийдвэрээ цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан аж.

    Энэ удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтад Биокомбинатын ерөнхий технологичоор сүүлийн долоон жил ажиллаж байгаа Өлзийтогтох, мөн ТӨХ-ны 11 дүгээр сарын шийдвэрээр захирлаар томилогдож байсан Б.Баттогтох нарын хүмүүс материалаа өгчээ. Шинжлэх ухаан, технологид суурилсан нарийн үйлдвэрлэл учраас Биокомбинатын захирлын тендерт өрсөлдөгчид харьцангуй цөөн байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Биокомбинатын техник, технологи, боловсон хүчнийх нь өнөөгийн хоцрогдол, үр ашиггүй ажиллагаанд ерөнхий технологч Өлзийтогтохын мэргэжлийн ур чадвар, санаачилгагүй байдал нөлөөлсөн гэж ТӨХ дүгнэж байгаа төдийгүй хөрөнгө завшдаг үйлдэл нь шалгалтаар илэрч байсан учраас энэ удаад түүнийг тендерт шалгарах боломжгүй гэж үзэж буй бололтой.

    Өмнө нь ТӨХ-ны шийдвэрээр Биокомбинатын захирлаар томилогдсон ч өнөөгийн захирал Д.Насанжаргалаас тамга, тэмдгээ хүлээн авч чадаагүй Б.Баттогтохын хувьд хүний их эмч мэргэжилтэй ч мал эмнэлгийн ухаанаар Ph.D цол хамгаалж байжээ. Малын эмийн үйлдвэрлэлийн технологиор сүүлийн 15 жил ажилласан туршлагатай гэгдэж буй Б.Баттогтох нь малын шимэгч хорхойн туулгын эмийг Монголд анх гаргаж авсан юм байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж