Шаардлагатай үед мэс заслын эмчилгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Шаардлагатай үед мэс заслын эмчилгээ хийж байна

Эх орноо  хамгаалах үүрэгтэй цэрэг эрс, хүчний байгууллагынхан даргынхаа тушаалаар үүргээ гүйцэтгэдэг бол эмч бол өвчний дуудлага аваад л хормын дотор очиж тусламж үзүүлдэг хүмүүс.  Сумын эмчид хангай нутгийн  өвөл цагийн байгаль дэлхий болчимгүй араншингаа үзүүлж, дөнгөж явсан мөрийг нь дарчихаад минутаар хэмжигдэх эгзэгтэй тэр агшинд цас ухах гээд саад бэрхшээл гарч тэвдэхийг алийг тэр гэхэв. Түргэний дуудлаганд явахад найдвартай сайн тэрэг, бензин тос, түргэний цүнх, эм тариа гээд бэлтгэл зөндөө гардаг.  Энэ бүгдийг амжуулж, хөр цас, хүйтэн жаврыг үл ойшоон унтах амрахыг умартан 20 гаруй жил Завхан аймгийн Сонгино нутгийн ард түмний  эрүүл  энхийн манаанд өргөсөн тангаргаа биелүүлэн зүтгэж яваа анагаах ухааны дунд, дээд сургуулийг төгсөж, хүүхдийн , дотрын ЭХО-гийн мэргэжил дээшлүүлсэн АУ-ын магистр хүний их эмч Ундрахын Цогцолмаатай  уулзан  амжилт,  арга туршлагаас  нь асууж ярилцлаа.

Сайн байна уу? Ажлынхаа талаар яриагаа эхлэх үү? 

-За тийм ээ. Мэдээж ажлаасаа яриагаа эхлэе. Манай хамт олон жил бүр сумынхаа эрүүл мэндийг таван бүлэгт хувааж үзэн илэрсэн өвчлөлийг эмчилж, эрүүлжүүлдэг бөгөөд ялангуяа  сумынхаа хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө анхаарч ажилласнаар шүдний 15-20 хувь, гүйсэн булчирхайн  өвчлөлийг 12 хувиар бууруулсан. Сумын насанд хүрсэн бүх хүн амын өвчлөлийг ЭХО, ЭКГ зэрэг оношлогооны тоног төхөөрөмжүүд ашиглан өвчнийг эрт  илрүүлж шаардлагатай өвчтөнгүүдээ дараагийн шаталсан эмнэлгүүдэд шилжүүлэн эрүүлжүүлж байна.

Эмнэлэгтээ эрүүл мэндийн боловсрол олгох кабинет байгуулан эрүүл мэндийн туслах идэвхтэн 35-ийг бэлтгэж сүүлийн хоёр жил 60 хүн тамхинаас гарч, таван хүн архи хэрэглэхээ больсон. УИХ-ын гишүүн асан Д. Туяагийн тусламжтайгаар нүдний кабинет байгуулан, МУ-ын гавьяат эмч З.Санжаа эмчийн мэс заслын баг ирж зургаан хүнд нүдний хагалгаа хийж, 300 гаруй хүнд үзлэг хийж эмчилсэн. Мөн Америкийн цэргийн эмч нарын багийг эмнэлэг дээрээ хүлээн авч 500 гаруй хүнийг үзлэгт хамруулж эм тариагаар үйлчилсэн.

Иоджуулсан давсаар сумынхаа бүх өрхийг  хангаж, хэрэглэж хэвшүүлснээс гадна Сантмаргаз сумын Мон Хан хоршоо, Зүүнхангай сумын Цавдангийн давсны хоршоотой гэрээ хийж давсаа эмнэлэг дээрээс тараадаг журманд шилжээд байна.

-Олон ажлыг амжуулжээ. Та олон төсөл бичиж эмнэлэгээ тохижуулсан гэсэн. Тодруулбал?

-Дэлхийн банкнаас хэрэгжиж байгаа Тогтвортой амжиргаа төслөөр эмнэлгийн барилгадаа хоёр удаа 33,3 сая төгрөгийн засвар хийж, нам даралтын халаалтын зуухаа сольсоноор өвчтөний тохь тухтай нөхцлийг бүрдүүлсэн. Канадын засгийн газрын Канад санд төсөл бичиж эрүүл мэндийн идэвхитэй сургагч нарыг бэлтгэж эрүүл мэндийн сургалтанд ашиглах бүх тоног төхөөрөмж хэвлэх, хувилах аппараттай болж лабортори мэс заслын өрөөнүүдээ тоноглон тохижуулж мэс засал, эмэгтэйчүүдийн багажтай болсноор шаардлагатай үед мэс заслын эмчилгээ хийж байна.  Эхчүүдийн амрах байрыг 500 гаруй мянган төгрөгийн төсвөөр тохижуулсан байгаа.

-Сумын эмнэлгийн хувьд эргэлтийн эмийн сан их чухал. Энэ талаар?

-Тийм ээ. Хөдөө орон нутагт эргэлийн эмийн сан чухал байдаг. Нэр төрөл гээд. Манай эмнэлэг Азийн хөгжлийн банкны эргэлтийн эмийн сан байгуулах 2.1 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж сумандаа хандив болон бусад арга хэмжээг зохион байгуулсанаар одоогоор 9.5 сая төгрөгийн эм, эмийн сангийн байр, компьютер канон, ус нэрэгч аппарат бусад хөрөнгөтэй болж тохижсон. Бид эрүүл мэндийн даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй жороор байнга үйлчилж байгаа.

-Эрүүл мэндийг дэмжигч хамт олон, айл өрх хэр олон байдаг вэ?

-Эмнэлгээс сумандаа Эрүүл мэндийг дэмжигч байгууллага айл өрхийг шалгаруулах болзлыг сурталчилан иргэдтэй хамтран ажилласнаар одоогоор хүн эмнэлэг, 12 жилийн дунд сургууль гурван шатны болзлыг хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, Зэвсэгт хүчний 274 дугаар салбар хоёр, гуравдугаар шатны болзлыг 55 өрх айл хангаж эрүүл мэндийг дэмжигчээр шалгарч батламж цомоор шагнуулсан байгаа. Тэгэхээр манай сум нийтээрээ эрүүл мэндийг дэмжигч болоод байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн талаар хийсэн ажил бий юу?

-Сумандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулан Италийн засгийн газрын бус Монгол дахь АЙФО байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малжуулах төсөл бичиж хэрэгжүүлсэн. Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэний таван өрхөд 30 ямаа, нэг  айлд нь 25 ишиг өгөх зарчмаар малжуулан нэг жил болоход тэр айл ноолуур, сүү авч  ишигээ бойжуулан авч бусдыг нь шилжүүлэх замаар 30 өрх тэдний ар гэрийнхний амьдралыг дэмжин ажиллалаа. Мөн нийгмийн халамжийн хөдөлмөр эрхлэлтийн санд ХБИ-д туслах төсөл бичиж гурван иргэнд /зөөлөн эдлэл, оёдог/ажлын байр гарган туслан ажиллаж байна.

-Танайх аймгийн тэргүүний эрүүл мэндийн байгууллага.  Бусадтай туршлагаа хуваалцах гээд ажил их байдаг уу?

-Манай эмнэлэг Хүүхдэд ээлтэй анхны эмнэлгийн нэг. 2003 онд хөдөөгийн эмч нарын чуулга уулзалтыг угтаж зарласан гурван сарын аяны болзолд улсад 3-р байр эзэлж 2005 оноос хойш жил бүр аймгийн тэргүүний ажиллагаатай эрүүл мэндийн байгууллагаар шалгарч байгаа. Тиймээс  сумдын салбарын эрхлэгч эмч нарын үзүүлэх сургалтыг нэг удаа багийн эмч нарын үзүүлэх сургалтыг хоёр удаа УЗН-ийн нарын бичгийн дарга нарын үзүүлэх сургалтыг хоёр удаа сумандаа хийлгэж эмнэлгийнхээ тохижилт соёлжилт үйлчилгээгээ  танилцуулсан байгаа. 

-Мэдээж төсвөөс хараад байх биш. Туслах аж ахуйтай биз дээ? Хэчнээн хүн ажиллаж байна?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэг төмс хүнсний ногоо тарьж нэлээдгүй ургац хураан авдаг.   Мөн өөрийн малчинтай, малтай байгаа. Жил бүр тодорхой хэмжээний мал гаргаж  өвчтөний махан хоолны хэрэгцээг хангаж байна. Сүү цагаан идээг ч мөн бэлдэж авдаг.

Өнөөдөр эмнэлэг маань 25 ажиллагсадтай мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан нэг их эмчийн сүүлийн гурван жилийн, хоёр бага эмчийн сургалтын төлбөрийг төсөв төслөөр даалган сургаж ажлын байраар ханган эмнэлэг дотроо эмч өвчтөний алжаал тайлах чийрэгжүүлэх өрөөг тоноглож, теннисний ширээ хэрэгсэлтэй болсон.  Эмчийн шинэ байртай болж , дөрвөн багийн эмчийг мотоцикл, морь, эмнэлгийн цүнх багаж хэрэгслээр ханган ажиллуулж байна.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Ярилцлагын маань эзэн бүсгүй уулзан ярилцаж байхад ард олноо өвчтөнөө гэсэн өгөөмөр сэтгэлтэй эмч гэдэг нь илт ээ. Тэрээр жирэмсэн ээж, хүүхэд, хөгшид бүрийг хяналтандаа авч эргэлтээр үзэж зөвлөгөө өгч, уулзсан хандсан үйлчлүүлэгч бүрдээ эрүүл  ахуйн дадал заншил эзэмшүүлэх, хорт зуршлаас сэргийлэх ойлголт өгч эх хүний элгэмсүү зөөлөн харьцаа эмч хүний эелдэг боловсон ааш өвчнийг оношлох эмчлэх чадвараараа сум хамт олондоо хүндлэгдэж эмнэлгийнхээ өнгө үзэмж тохижилтоороо сумын эмнэлгийн стандартыг бүрэн хангаж , эвсэг хамт олныг бүрдүүлсэн амжилтаараа Завхандаа төдийгүй бүс нутагтаа алдаршиж байгаа юм билээ. Түүний энгэрт “Эрүүл мэндийн байгууллагын тэргүүний  ажилтан тэмдэг” , “Ардын хувьсгалын  ойн медалиуд “ ,“Алтан гадас одон “ гялалзах нь хийж бүтээсэн ажлынх нь үнэлгээ гэлтэй. Өөрийн өсөж төрсөн нутагтаа олон жил тогтвортой ажиллаж , эмнэлгийн цаг завгүй нүсэр их ажлын хажуугаар сумын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж, ахмадын хорооны тэргүүлэгчээр ажиллан тэднийхээ ахуй амьдрал нийгмийн асуудлын төлөө халамж анхаарал сүүн сэтгэлээ харамгүй зориулж амжилт олж яваа цагаан нөмрөгт эрхэм эмч танд алдар хүндийн бариа ойрхон бий. Танд энх мөнхийн жаргалыг хүсч энэхүү ярилцлагаа өндөрлөе.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж