
Завхан аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа талаар урьд нь мэдээлж байсан. Шинэ он гарсар цаг агаар ямар байгаа, зам даваанууд хэр байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодрууллаа. Өнгөрсөн баярын өдрүүдээр аймгийн Онцгой байдлын хэлтэс 24 сумтай байнгын харилцаа холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Шинэ он гарсаар Завхан аймагт цаг агаар харьцангуй гайгүй байгаа бөгөөд нутгийн баруун, төв хэсгээр цас орж байна. Оны өмнөхөн аймгийн АЗЗАН замын компани улсын болон орон нутгийн чанартай зам даваануудыг хусаж цэвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хаагдсан боогдсон гэх зам даваанууд байхгүй байна. Мөн өвөлжилт нэн хүнд байгаа Баянтэс, хүнд байгаа хил дагуух сумд болох Тэс, Баянхайрхан, Асгат, хүндэрч болзошгүй Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн зэрэг сумдад өнгөрсөн 11, 12 сард цас их хэмжээгээр орж зарим газраа 10-23 см-ийн зузаантай цасан бүрхүүлтэй байна. Баянтэс, Баянхайрхан, Тэс сумдад өнгөрсөн 11 сард хөрсөн дээрээ +7 гардус болтлоо огцом дулаарснаас цас хайлж мөсөн бүрхүүл тогтож 12 сард үргэлжилсэн цас их хэмжээгээр орж хүйтэрснээс өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон хэмээн албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Баянтэс суманд онцгой байдал зарласан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд бусад сумдад жирэмсэн болон өндөр настан, хүүхэд, өвчтэй хүмүүсийг төв суурин газраа татаж байна. Цаашид цас их хэмжээгээр орж мал бэлчээрлэхэд хүндрэл гарах вий, ердийн хөсөг, машин техник явах боломжгүй болох вий, иргэд, малчдын эрүүл мэндийн асуудалд санаа тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил зуншлага сайн байсан болохоор малчдын хувьд өвөлжилтын бэлтгэл сайн базаасан байгаа. Одоогоор Баянтэс суманд аймгийн Засаг даргын тамгын газраас таван сая төгрөг, бусад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа сумдад 2-3 сая төгрөгийг тусламж болгон өгөөд байна. Мөн туулах чадвар сайтай ГАЗ 66, ЗИЛ 131 машинуудыг Баянтэс, Тэс суманд байршуулаад байгаа хэмээн аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга Ө.Болд хэллээ. Дашрамд дуулгахад аймгийн Онцгой байдлын нөөцөд энэ жил өвс тэжээл хангалттай базаасан байгаа бөгөөд хорголжин тэжээл, өвс 200 гаруй тонныг төвлөрүүлээд байгаа аж. Төв суурин газрын тухайд гэрэл цахилгааны хэт ачааллаас болж эрчим хүч хэдэн цагаар тасалдсанаас уурын зуухнуудад доголдол гарч хөлдөлт үүсэх магадлал их байгаа байна.
Б.Мягмарсүрэн