Хэнтий аймаг 32 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг 32 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ

Хэнтий аймаг 2010 онд нийт 32 тэрбум 821 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж бүтээн байгуулалтын ажил өрнүүллээ. Энэ нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 20 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум, төсөл хөтөлбөрийнх 2,4 тэрбум, хувийн хэвшлийнхэн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийлээ.  Аймгийн төв Өндөрхаан хотод 1,3 км асфальт бетон, 1 км цемент бетон хучилттай автозам барьж, хотын төв замд гэрлэн дохио суурилуулан, хотын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээг шинэчлэв. Шинээр газар өмчилж авсан иргэдийг цахилгаанаар хангах шугам угсралтын ажил хийж, Өндөрхаан хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бага оврын автобуснууд нийлүүлж үйлчилгээ жигдэрлээ. Гамшгаас хамгаалах аймгийн сан байгуулж, 500-гаад тон өвс тэжээл бэлтгэн нөөцөлж, энэ хүрээнд нөөцийн агуулах, саравч хашаа, цахилгааны шугам, худаг барьж, трактор, өвсний машинаар хангав. Эрүүл мэндийн салбарт нийт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, Өмнөдэлгэр суманд шинэ эмнэлгийн барилга барьж, Жаргалтхаан сумын эмнэлгийн барилгыг засварлаж, халдвартын 30 ортой, уламжлалт анагаах ухааны 20 ортой эмнэлгийн барилгыг барьж байна. Боловсролын салбарт нийтдээ 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн шинэ барилга, Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилга, Хэрлэн суманд 100 хүүхдийн 2 цэцэрлэг баригдаж байна. Энэ онд Дэлгэрхаан сумын 320 хүүхдийн суудалтай сургууль, Бор-Өндөр хотын сургуулийн өргөтгөл, Батширээт сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгууд ашиглалтад орлоо. Өндөрхаан хотод 48 айлын шинэ орон сууц ашиглалтад орж, шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулав. Мөн хоногт 2 тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай сүүний үйлдвэр ашиглалтад орууллаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж