Монгол Улсын Ерөнхий сайд асан, “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ш.Гунгаадорж болон Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга Б.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал зарлаж, Канад улстай газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах болсон талаар мэдээллээ. Дэлхий нийтийн хэмжээнд дулаарал нүүрлэж, байгаль цаг уурт өөрчлөлт орсон өнөө үед газар тариаланг хуучин арга барилаараа хөгжүүлэх боломж хомс гэдгийг Ш.Гангаадорж онцолж байлаа. Хөрсний эвдрэлээс сэргийлэх үүднээс Канад, Казакстан зэрэг улс орнуудад эргүүлж хагалах аргыг халж, хавж тариалах болсныг мөн үеэр онцолж байлаа. Түүнчлэн газар тариаланг шинэ техник, дэвшилтэт технологигүйгээр төсөөлөх аргагүй тул Канад улстай энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад Канад улсаас газар тариалангийн чиглэлийн техник импортолдог компани ганцхан байдаг нь “Гацуурт”. Тус компани Канадын “Моргейс” ХХК-тай хамтран ажилладаг бол Канадаас техник импортлогч хоёр дахь компани нь “Ирээдүй энержи” компани болов. Тус компани газар тариалангийн салбарын хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслийг бэлэн мөнгөөр болон лизингээр нийлүүлэх юм байна. Мөн Хятад улсаас бордоо, гербицидийг оруулж ирэх ажээ.
Д.Цээнэ