
орчимд төвлөрч харагдав. Ирэх цагаан сараар баярын ширээндээ ууц тавихыг хүсвэл чамгүй мөнгө хэрэгтэйн
дээр мал, мах мэддэг хүнтэй хамт явахгүй л бол өнөөх “хулхи” гээч дээр нь буух магадлалтай. Мэдээж чоно борооноор гэдгээр
хэдэн төгрөгөө тоймтой зүйлд зарцуулах гэж яваа худалдан авагчдын яг дэргэд нь гэтнэ. Азтай
“хумслагч” орлого ихтэй байвал азгүй хэн нэгэн хэтэвчтэй мөнгөө алдчихаад сэтгэл гонсгор хоцрох нь өнөөгийн
нийгмийн үнэн царай гэлтэй. Гэхдээ манай сурвалжлах хэсэг тэр саар муугийн тухай
уншигч танд хүргэхийг хүссэнгүй. Харин удахгүй Монголын үндэсний хаврын их баяр цагаан сартайгаа золгох гэж буй танд өргөн
хэрэглээний хүнс, барааны үнэ ханшийн чиг баримжаа өгч, хэтэвчин дэх мөнгөө зөв зарцуулахад өчүүхэн ч гэсэн тус болохыг зорилоо.
Ууцны үнэ тэнгэрт хадах
вий дээ
Ямар ч баяр наадмын гол учир утга бол
баярын ширээ байдаг. Тиймдээ ч Монголчууд хаврын тэргүүн сарын
баяртаа хамаг л өнгөтэй өөдтэй гэснээ ширээндээ тавихыг эрхэмлэнэ. Цагаан сарын ууц, тавагтай
идээнээс тухайн айлын ирэх жилд ямар байх вэ гэдгийг шинждэг учир тэгтлээ
мэрийх нь аргагүй юм. Харин эрхэм зоогийн нэгэн болох ууц хүнсний
захуудад 100-200 мянган төгрөгийн ханштай байна. Үүнээс үзэхэд дундаж үнэтэй ууц 150 мянгад багтах нь. Манайхан ууц авахдаа жинг нь бус сүүлний том
бага, өнгө зүсийг ихэвчлэн хардаг. Тэр жишгээр ууц авахдаа сүүлийг нь
харах юм бол энэ жилийн ууцны сүүл ёстой нүнжигтэй. Бүр хамгийн доод үнэтэйд тооцогдох төлөг болов уу гэмээр жижиг малын ууцны сүүл ч гэсэн
томчуудаасаа дутахгүй.
Цагаан сарын бас нэгэн ярвигтай зүйл гэвэл
бууз. Буузны маханд бараг ууцны үнийн дайтай мах ордог гэхэд хилсдэхгүй. 2010 оны мал
тооллогын байдлаар Монгол Улсын хэмжээнд 31.8 сая мал тоологдсон. Энэ нь өнгөрсөн жилтэй
харьцуулахад 12.2 саяар буурсан үзүүлэлт. Гэхдээ малын тоо толгой буурч байгаа нь махны үнэд нөлөөлөх зүйл огт биш.
Учир нь манай улс дотоодынхоо хэрэгцээг хангаад барахгүй гадаадад
экспортлоход хүрэлцээтэй малтай гэгддэг. Удахгүй нийслэлд нөөцийн мах худалдаанд гарна гэсэн сураг бий. Гэтэл захуудад махны үнэ буурахгүй харин ч
цаашид өсөх магадлалтай байна. Тухайлбал өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул мах нэг кг нь 4600-4800, ястай нь 4400-4600 төгрөгөөр
худалдаалагдаж байв. Харин адууны мах 3200-4000, хонь 4200-4500, ямаа 3200-3400
төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Худалдан авагчид тэмээний цул махыг
ихэд сонирхож байна. Учир нь тэмээний нэг кг мах 3200-3400 төгрөг. Тиймээс өнгөрсөн долоо
хоногт хамгийн хямд үнэтэй махаар тэмээ шалгарсан гэж болох л юм. Ер нь ирэх цагаан
сарынхаа буузыг айлууд тэмээ голдуу махаар л хийх байх даа.
Хэвийн боов 900-1700 төгрөг
Ууцтай, буузтай болсон айлд нэг зүйл яахын
аргагүй дутагдана. Тэр нь мэдээж хэвийн боов. “Нарантуул” захын хүнсний
павильонд Бамбууш, Өгөөж, Талх чихэр, Өгөөж од, Өгөөмж архад, Амадэ, Суман гүн зэрэг компаниудын хэвийн боовыг ёстой төрөл төрлөөр нь өрсөн
харагдана. Эднээс хамгийн үнэтэй нь Гандангийн шар тостой хэвийн боов 1700 төгрөг байв.
Бусдынх нь хувьд гэвэл өнгө зүс, үйлдвэрлэгч компаний нэрээс шалтгаалаад 900-1600, суурь еэвэн 2000-5500
төгрөг байв. 15, 21 хэвийн боов авбал суурь еэвэн үнэгүй
дагалдана. Тахилын таваг засахад зориулсан зургаан хос хэвийн боов 3500-7000 төгрөг.
Монгол түмэн хаврын тэргүүн сарын
баяраа зүгээр ч нэг цагаан сар гэж нэрийдээгүй нь ойлгомжтой. Юу
гэвэл тавагтай идээгээ цагаан идээгээр чимэглэн засаж, уух цайгаа сүүгээр сүлдэг нь
буюу. Тиймээс үндэсний баяраа жинхэнэ утгаар тэмдэглэх гэсэн иргэд цагаан идээний
лангууг тойрон бүчих нь энгийн үзэгдэл аж. Цагаан идээний үнэ ханш өмнөхөөсөө үл ялиг өсчээ. Тухайлбал, Монгол шар тос 8500, сарлагийн өрөм нэг кг нь
7000, тогооны өрөм 7000, чихэртэй ааруул 4000-7500, чихэргүй хатуу
ааруул 6000-15000 төгрөгийн үнэтэй байв. Мөн аарц 1600, өөхөн тос 900-1100, монгол масло 4000, цөцгий 6000, хайлмаг
2000 төгрөгийн ханштай байлаа.
Хүнсний ногооны хувьд “Хүчин шонхор” зах дээр монгол төмс нэг кг нь 600-900, лууван 700-1000, байцаа 900, сонгино 800-1200 төгрөгөөр
худалдаалагдаж байв. Харин бусад хүнсний ногоог бодвол манжингийн үнэ харьцангуй өндөрт гарсан байна. Тухайлбал, нэг кг манжинг 1500 төгрөгөөр худалдаж
авах нь.
Үндэсний баяртай холбоотой барааны эрэлт ихэсчээ
Монгол хүн цагаан сараараа
монгол дээлээрээ гоёдог. Хөдөөнийхөн бол өмсөх дээлээ өөрсдөө урлачихна. Хотынхон л хөх зүү хөндлөн хатгаж чадахгүй гэдгээрээ баярынхаа гоёлыг худалдаж авдаг гэлцэнэ. Эсвэл хотынхонд
тэгэж үйл, уртай зууралдаж суух зав байдаггүй учраас дээл
худалдан авахад хүрдэг биз. Түүнээс биш нийслэлийн охид бүсгүйчүүл маань арай ч мухар гартай болчихоогүй байх аа.
“Нарантуул” захын лангуун дээр монгол дээл 35-130 мянган төгрөг, дан хүрэм 35-50
мянгын ханштай байна. Бүсний хувьд мөнгөн аралтай өргөн нь 30-35 мянга, нарийн нь 25-28 мянга байхад арьс болон ширэн
аралтай өргөн, нарийн бүс 20-25 мянгын хооронд багтах юм. Харин хүүхдийн дээл
хантаазтайгаа 35 мянгаас доош нь сайн яриад авчих боложмтой. Харин дангаар нь
хантааз авъя гэвэл 18-20 мянган төгрөгтэй байхад хангалттай. Монгол гутал хамгийн багадаа 80 мянга, түүнээс дээшээ
бараг 350 мянгад хүрнэ. Хүүхдийн монгол гутал түрийндээ угалзтай нь 45 мянга, угалзгүй нь 40 мянга.
Жанжин малгай 10 мянга, үнэгэн малгай 45 мянгын үнэтэй байна. Дээл бүсэн гоёлтой болчихсон мэдээж хэрэг хөөрөг
дутагдана. Зэх дээр урд зүгийнх болов уу гэмээр гоёмсог гял цал болсон чулуугаар хийсэн хөөрөг их байна.
Ууттайгаа 3500 төгрөг гэнэ үү, манайхны бүсгүйчүүлийн хумсаа буддаг “лак”-ны шилтэй адилхан хөөрөг байх юм.
Ерөнхийдөө 25-30 мянган төгрөгтэй байхад “хулхи” ч гэлээ бусдын нүдэнд юмтай мэт
харагдахаар хөөрөг худалдаж авах боложмтой байна шүү. Өө нээрэн, хөөрөгний даалин 2000-15000 төгрөг байна лээ. Үүнээс дүгнэхэд цагаан сарын баяр гэдэг үндэсний хувцас үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг ихэд дэмждэг болсон нь өмнөх цагаан
сарын дүр зураг болоод өнөөгийн энэ байдал ч нотлох мэт. Тэгвэл бид урд хөршөө дэмжээгүй орхисон
уу гэвэл үгүй. Дээр дурдсан хувцас хунарыг урд зүгээс авч ирсэн
даавуу, материалаар хийнэ. Түүнчлэн зах дотор 2-3 цаасан хайрцаг дээр үзэг бал,
тэмдэглэлий дэвтэр, аяга шаазан дэлгэн тавьсан хүн цөөнгүй. Тэдний
бараа нь ирэх цагаан сараар хэн нэгний гар цайлгах бэлэг болон очно гэхээр урд
хөршөө мартсан биш, харин ч улам илүү дэмжих нь ээ.
Л.ДӨЛГӨӨН
Зохиогчийн эрх: