
“Таван толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцааг хууль хяналтынхантай нийлэн дээрэмдэх болсон талаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хувьцаа эзэмшигч иргэд гомдол мэдүүлж байсан. Тухайн үед 60 гаруй иргэний 50 мянга гаруй хувьцаа түүнийх болсон талаар мэдээлэл цацагдаж байсан юм. Гомдол гаргасан иргэд “Тавантолгой” ХХК-аас багагүй хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд зараагүй байтал хувьцаа нь алга болчихсон байсан аж. Улмаар Хөрөнгийн биржээс тодруулахад Д.Бат-Эрдэнэ авсан болох нь тогтоогдсон байна. Иргэд хууль, хяналтын байгууллагаар явж хувьцаагаа эргүүлэн авч нэр дээрээ шилжүүлсэн ч өнгөрсөн оны тавдугаар сард хэд хэдэн хувьцаа эзэмшиж буй иргэдийн хувьцааг мэдэгдэлгүйгээр авчихсан байсан аж. Ийм үйлдэл зөвхөн брокерийн пүүсээр дамжих нь тодорхой. Гэтэл иргэдийн зөвшөөрөлгүйгээр ямар ч брокер хөдлөх ёсгүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа брокер диллерийн компаниуд дийлэнх нь өмч хувьчлалын үеэр байгуулагдсан. Ажиллагсад нь ч хүний хувьцааг зөвшөөрөлгүй зарахаас “сийхгүй” ёс суртахуунгүй этгээд байдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. “Тавантолгой” ХХК анх байгуулагдаад 1995 оны есдүгээр сард хувьцааных нь ханш 100 төгрөгөөр үнэлэгдэж байж. Удаан хугацааны турш дээрх үнэ өссөнгүй. Харин ч 10 төгрөгт хүртлээ унаж, говийн нэг мухарт байдаг ордыг сонирхох хүнгүй байсан түүхтэй. Харин 2004 оноос хойш тус компанийн хувьцаа огцом өсч өнөөдөр нэгж хувьцааны үнэ 591 мянган төгрөгт хүрээд байна. Мөн зарах үнэ 600 мянгад хүрчээ. Ийм өсөлт мэдээж хэн бүхний нүдийг сэргээх нь ойлгомжтой. Гэхдээ дээр дурьдсан шиг маргаан манай Хөрөнгийн бирж, Брокерийн пүүс зэрэг газарт дахин дахин гарсаар байвал энэ салбарт хүч үзэх сонирхолтой иргэдийн урам хугарах нь мэдээжийн хэрэг шүү дээ.
Байгалийн баялгаа хувьцаа хэлбэрээр тараахаар боллоо. Анхлан иргэдийнхээ хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт нь бичээд өгье гэх яриа гарч инээд хүргэж байсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 500 гаруй мянган иргэн данс нээлгэсэн байдаг юм билээ. Тэгэхээр удахгүй иргэн бүрт оногдох хувьцаагаа авахаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 46 брокер диллерийн компанийн үүдийг хоёр сая таван зуун иргэн сахиж хавтгайрах нь. Авч буй хувьцаагаа юунд хэрэгтэй гэдгийг мэдэхгүй хавтгайрагчид олон бий дээ. Ер нь энэ салбарт ажиллагсдын шүүмжилдгээр дургүй бандид хүчээр сахил хүртээх хэрэг байсан юм уу гэх бодол ч төрж байна. Хувьцааг ингэж хавтгайруулж өгсний гайгаар өнөөдөр олон тооны хувьцаа түгжигдчихсэн байдаг юм билээ. Одоо ч хувьцааны талаар мэдлэггүй иргэд маань олон тооны хувьцааг түгжиж мэдэх нь. Үүнтэй холбоотой тоо хэлэхэд Монголд өөрийгөө хувьцаатай эсэхээ мэдэхгүй 200 гаруй мянган хүн байдаг. Яахав цэнхэр, ягаан тасалбарын сургамжаар иргэд хувьцааны талаар бага сага ойлголттой болж, будаа гурилаар солихгүй байх. Гэхдээ тэр ойлголт нь дийлэнх иргэдийн хувьд зарж болохгүй, хадгалчихъя гэхээс цаашгүй байх биз. Гэхдээ л түүнийгээ яах талаар захын иргэнээс асуухад мэдэхгүй гэж хариулах вий. Энэ тал дээр мэдээлэл ч дутмаг байна. Анхнаасаа байгалийн баялгаа иргэддээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ гэж ярьж ярьчихаад хувьцаа эзэмшихийн тулд та данс нээлгэнэ гэх мэт наад захын мэдээллийг иргэддээ хүргээгүй байна шүү дээ. Уг нь энэ салбарт амжилт олохын тулд дөрвөн аргын тоо мэддэг дунд сургуулийн боловсролтой байхад хангалттай гэх юм билээ. Брокер диллерийн компаниа сонгоод биеийн байцаалтаа аваад очиход л танд данс нээж өгөх юм. Мөн утсаар “Одоо яах вэ ямар компанийн хувьцаа өсч байна” гэх зэргээр шалгаахад одоохондоо манай брокер элдэв юм асуулаа гэж бухимдахгүй байх. Тиймээс хөрөнгө босгох орчин үеийн гол хэрэгсэл болсон хувьцааны зах зээл дээр иргэд идэвхтэй тоглогч болох хэрэгтэй байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин