Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Энэ удаад Орон сууцны тухай хуульд ямар ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна?

-Төв суурин газарт оршин суугчдын тоо нэмэгдэж, тэр дундаа нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ цаг үед Орон сууцны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулах зайлшгүй шаардлагатай. Энэ удаагийн өөрчлөлтөөр гурван гол багц асуудлыг тусгаж байгаа юм. Нэгдүгээрт, хүн амьдрахыг хориглож, ашиглалтаас хасагдаж байгаа орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Хоёрдугаарт, оршин суугчдын өөрсдийнх нь болон дундын өмчлөлд хамаарах зүйлээс гадна төрийн өмчлөлд байх инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээтэй холбогдсон харилцааг сайжруулах хэсэг байгаа юм. Гурав дахь нь орон сууцны үнийг бууруулах бодит боломж бүрдүүлэх талаар шинэ зүйл, заалт тусгаж байгаа юм. Хуулийн төслийг гишүүд зарч­мын хувьд дэмжиж, эцсийн хэлэл­цүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шил­жүүлээд байна.

-Энэ өөрчлөлтүүд иргэд оршин суугчдад чухам ямар ач холбогдолтой вэ?

-Инженерийн шугам сүлжээ болон ЦТП гэж нэрлэдэг цахил­гаан, дулаан хангамжийн байгуу­ламжийн зардлыг орон сууцны үнэд оруулж тооцдог нь үнэ буурахгүй байх гол шалтгааны нэг болж байна. Тиймээс энэ хэсгийг төрийн өмчлөлд байлгаж, төр дангаараа хариуцах нь зөв гэж үзлээ. Гэхдээ барилгын компани орон сууц барихдаа энэ хэсгийг огт орхигдуулж болохгүй. Хөрөнгө мөн­гөний бололцоо нь байвал бүгдийг нь барьчих хэрэгтэй. Харин дараа нь төрөөс тэр зардлаа гаргуулж авах юм. Хамгийн гол нь орон сууцны үнэд уг зардлыг шингээхийг хориглож байгаа. Үүнээс гадна шинээр нийтийн орон сууц барих газрыг төрийн мэдэлд байлгана. Төр уг газрыг ямар ч тохиолдолд худалдан борлуу­лахгүй. Ингэснээр орон сууцны үнэ буурах бас нэг боломж бүрдэх юм.

-Ашиглалтаас хасагдаж байгаа орон сууцны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Нэгэнт амьдарч байгаа орон сууц нь ашиглалтаас хасагдаж бай­­гаа тохиолдолд иргэдэд шинэ орон сууц хэрэгтэй болно. Энэ асуудлыг шийдэхдээ сууц өмч­лөгч­дийн төлөөлөл, тухайн орон нутгийн удирдлага, хөрөнгө оруулагч нар гурвалсан гэрээ бай­гуу­лаад ямар хувилбараар шинэ орон сууц барихаа тохиролцож шийднэ. Ингэхдээ оршин суугч хуучин байрныхаа талбайн хэм­жээтэй дүйцэхүйц шинэ байранд орох эрх эдэлнэ. Мөн байрныхаа зах зээлийн үнэлгээнд нийцэхүйц нөхөх олговор аваад өөр тийш нүүж ч болно. Тухайн газар нь төрийн мэдэлд байх учраас гурвалсан гэрээ хийхэд аймаг, нийслэлийн Засаг дарга оролцож байгаа юм. Энэ бол цаашид төв суурин газарт шинээр орон сууц барих, хуучныг нураах зэрэг олон асуудлыг оновчтой шийдэхэд ихээхэн дөхөм үзүүлэх загвар болно.

-Сууц өмчлөгчтэй холбоотой өөрчлөлтийг энэ удаад яагаад хойшлуулав?

-Орон сууцны хуулийн хэлэл­­цүүлэгтэй хамт Сууц өмчлөгч­дийн холбооны эрх зүйн байдал, ний­тийн зориулалттай орон сууц­ны байшингийн дундын өмчлө­лийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийн анх­ны хэлэлцүүлгийг хийсэн. Гэхдээ өргөн барьсан нэмэлт, өөрчлөл­тийн хүрээнд асуудлыг шийддэг болохоор энэ удаад уг хуульд өөрчлөлт оруулах боломж гараагүй. Ер нь хэлэлцүүлгийн явцад сууц өмчлөгчдийн холбоо­доос маш олон санал ирүүлсэн. Тиймээс бид уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм уу, шинэ­чилсэн найруулга хийх зайлшгүй шаардлага байна гэж үзээд Зас­гийн газарт санал дүгнэлтээ хүргүүлсэн.

-Иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхэд юу шаардлагатай байна?

-Хамгийн гол нь өрхийн орлого дорвитой нэмэгдэхгүй бай­на. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээл олгож байгаа банкуудын тавьж буй шаардлагад нийцэх хэмжээний орлоготой өрх цөөн байгаа учраас гэр хороололд оршин суугчдын тоо буурахгүй байна шүү дээ. Тэгэхээр эдийн засагт өсөлт ажиглагдаж, уул уур­хайн орлого нэмэгдэж байгаа энэ үед төрөөс иргэдээ хямд төсөр орон сууцаар хангах чиг­лэлд түлхүү анхаарах ёстой. Иргэд газраа өмчилчихсөн бай­гаа тохиолдолд төр газрыг нь худалдан авч орон сууц бариад хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамруулж болно. Энэ мэт зарч­маар хорь, гучин жил ярьж байгаа бэрхшээлийг хялбархан шийдэж болно.

-Нийслэл хотод утаа, замын түгжрэл гээд хүндрэлтэй асуу­дал олон байна. Энэ бүхнийг ер нь яаж шийдэх вэ?

-Улаанбаатарын олон проблемыг  шийдье гэвэл хамгийн эх­лээд нийслэлийг хотоос гаргах хэрэгтэй байна. Гэхдээ заавал хол байх албагүй. Хойшоо, урагшаа ойр­хон жижигхэн сум, суурин газарт аваачиж болно. Түүнийг да­гаад төвлөрөл, түгжрэл арилах учиртай. Харин их дээд сургуу­лиудыг хотоос гаргалаа гээд энэ асуудал огт шийдэгдэхгүй. Тэр зардлаар төр захиргааны байгууллагуудаа л гаргачихмаар байгаа юм. Их дээд сургуулиуд өөр өөрсдийн чиглэлийн үйлд­вэр аж ахуй, шинжлэх ухааны төвүүдийнхээ дэргэд байж гэмээ­нэ чанартай боловсон хүчин бэлтгэнэ. Ер нь их дээд сур­гууль гэж онол, практикийн хосло­лыг хэлдэг болохоос зөвхөн сургуулийн байшин, багш, оюутан гурвыг хэлдэггүй. Улаан­баатараа шинжлэх ухаан үйлдвэрлэлийн том хот болгон үлдээж, шинээр нийслэлээ төвх­нүү­лэх нь асуудлыг шийдэх хамгийн оновчтой гарц гэж би харж байгаа. Энэ саналаа зохих түвшинд удахгүй илэрхийлнэ.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс  төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж