”Голден вилл”-ийн асуудалд хариуцах эзэн байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

”Голден вилл”-ийн асуудалд хариуцах эзэн байхгүй

Сэлбэ голын хөвөөнд орших 160 айлын “Голден вилл” хотхоныг зори­лоо. Уг хотхоныг тойрсон гэрчил­гээний маргаан оршин суугчид нь байрандаа орсон цагаас одоог хүртэл үргэлжилсээр буй. Барьсан компани нь энд, тэндээс авсан зээлээ төлж чадахгүй байгаагийн улмаас оршин суугчид нь худалдан авсан байрныхаа бичиг баримтыг өөрийн нэр дээр бол­­гон авч чадахгүйд хүрчихээд байгаа юм.  “Голден вилл” хотхоныг Солонгосын хөрөнгө оруулалттай “Эм энд Жи” констракшн компани барьж ашиглалтад оруулсан  бөгөөд 2008 оны дөрөвдүгээр сард байрны нээл­тийн ажиллагаагаа урлагийн тоглолт­той, хүлээн авалттай их л сүртэйгээр хийж байсан билээ.Тус компанийнхан уг хотхоныг барихын тулд хотхоны бүх объектыг барьцаа­лаад Өмнөд Солонгосын “Хана” болон одоо “Төрийн банк” болчихоод байгаа “Зоос” банкнаас зээл авч, орон сууцны борлуулалтаас буцааж төлөх гэрээ хийж байсан байна. Гэтэл борлуулалт нь хэдийнэ хийгдчих­сэн байхад зээл олгосон банк нь зээлээ, оршин суугчид нь байр­ны гэрчилгээгээ авч чадахгүй болчи­хоод байгаа нь энэ.

Оршин суугчдадаа дээд зэр­гийн чанар, сэтгэл ханамжийн батал­гаа амлаж байсан “Эм энд жи” констракшныхан юун сэтгэл ханам­жийн баталгаа бус харин ч толгойны өвчин өгчихжээ. Хотхоны оршин суугчид уг нь гаднаа харуул, хамгаалалттай, айл бүр нь автомашины гражтай, хүүхдүүд нь тоглоомын талбайтай, нэг давхарт ганцхан хөрштэй болом­жийн орчинд амьдарч буй юм билээ. Гэхдээ боломжийн орчноос гадна хэзээ байрнаас хөөнө гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан ирэх бол гэсэн айдастай амьдарсаар байна. Тус байрны оршин суугчид “Бид одоо болтол орон сууцны гэрчилгээгээ авч чадахгүй  байна. Аргаа бараад шүүхээр явж байгаа” гэж хариулав. Тэд бидэнд тус байрны подвальд байрладаг ажилтнуудаас энэ талаар лавлахыг зөвлөсөн юм. Тэнд байсан хоёр эмэгтэй “Бид зөвхөн ашиглалтыг нь хариуцдаг. Тусдаа ком­пани. Орон сууцны гэрчилгээтэй холбоотой асуудлыг сайн мэдэхгүй” гэснээс өөр юм хэлсэнгүй. Бүр хэнтэй, ямар газартай гэрээ хийсний үндсэн дээр энд сууж, албан үүрэг гүйцэтгэж байгаагаа ч тодорхой мэдэхгүй бололтой “Мэдэх хүн нь алга” гэх аж. 

Иргэн н.Алтайсайхан:
-Дээд шүүхээс оршин суугчдыг бай­раа суллаж өг гэсэн тогтоол гарга­чихсан. Шүүх, цагдаагаар яваад бараг гурван жил болох гэж байна. Зарим хүмүүс бие даагаад шүүхээр явж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн газрыг шүүхэд өгсөн хүн ч байгаа. Цөөн хэдэн айл л үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авч байна гэж дуулдсан. Гэхдээ яг авсан эсэхийг нь тодорхой мэдэхгүй байна. Бас цөөн хүн мөн­гөө авсан байна. Хамгийн сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирж судалгаа хийгээд, иргэдийн төлбөр төлсөн баримт зэргийг хувилаад аваад явсан. Гэхдээ тэднийг “Хана” банкны хүмүүс байсан гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Ер нь Өмнөд Солонгосын хоёр компанийн маргааны хохирогч нь бид болчихоод байна. “Эм энд жи”-гийн өмгөөлөгч н.Галбадрах хоёрдугаар сарын сүүлчээр нэг хариу гарах байх гэсэн.

Иргэн н.Нарантуяа:
-Энэ асуудал үнэхээр хүнд байна. Байрныхаа ордерийг авч чадахгүй гурван жил боллоо. Манайх байраа 100 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл одоо дахиад шүүх, өмгөөлөгчид мөнгө төлж байна. Шүүхээс энэ оны дөрөвдүгээр сард эцсийн хариу өгнө гэж хэлсэн. Түүнийг хүлээж байна. Орон сууцныхаа гэрчилгээг авсан 5-6 айл л байдаг бололтой юм билээ. Солонгосын талд л асуудал байгаа байх.
 
“Голден вилл” хотхоны оршин  суугчид уг асуудлаа шүүхээр шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа ч ийнхүү төдийлөн амжилт олохгүй байгаа аж. Орон сууцныхаа гэрчилгээг авч чадахгүй байгаа оршин суугчдын дийлэнх нь төлбөрөө бүтнээр нь хийсэн гэнэ. Цөөн айл төлбөрийнхөө 50, 80 хувийг хийсэн бөгөөд одоо үлдсэнийг нь хаана, хэнд өгөхөө ч мэдэхгүй байгаа аж. Учир нь “Эм энд Жи” констракшн гэх компанийн үйл ажиллагаа бараг зогс ч, эзэнгүй болчихсон. Оршин суугчид хайсны эцэст “Саруул Өргөө” төвийн хоёрдугаар давхарт байрлаж байгааг нь олсон боловч ихэнх тохиолдолд хүнгүй байдаг юм байна. Харин Өмнөд Солонгосын иргэн, тус компанийн ерөнхий захирал Им Жун Ү  “Ганц худаг”-т хоригдож байгаад одоо эмнэлгээр явж байгаа гэх мэдээлэл байна. Баянзүрх дүүргийн шүүх дээр “Голден вилл”-ийн гэх хавтаст хэрэг байдаг ч асуудал болгоод, шийдээд байгаа зүйлгүй гэнэ. Бүр шүүх, цагдаагийн ажилтнуудаас энэ хэргийг хариуцан ажиллах хүн олддоггүй ажээ.

Өмнөд Солонгосын “Хана” банк болон “Эм энд Жи” констракшны хооронд гарсан маргааныг шүүхээр хэлэлцээд “Хана” банкны талд шийдвэр гаргасан. Оршин суугчдын хэлж буйгаар бол шүүх хурлыг Монголын хамгийн сайн гэх өмгөөлөгч нар өмгөөлсөн бөгөөд шүүхийн шийдвэрийг гаргахдаа мөнгөө төлөөд байрандаа орсон иргэдийг огт бодолцоогүй. “Голден вилл” хотхоны оршин суугчдыг гарга, байрыг дуудлага худалдаанд оруулж “Хана” банкийг хохиролгүй болго гэсэн шийдвэрийг гаргасан байх юм. “Монгол Улсын дээд шүүхээс ийм шийдвэр гарахад өөр хүчин зүйл нөлөөлсөн гэж ярьдаг юм билээ.Үүнийг хэн нэгэн хараагүй боловч байрны мөнгөө өгчихөөд хохирч байгаа олон хүнийг огт бодолцохгүй ийм шийдвэр  гаргасан л байна шүү дээ” хэмээн нэгэн оршин суугч хэлсэн юм.  Ийнхүү тус байрны 160 айл учир нь олдохгүй хэргийн хохирогч болчихоод явж байна. Бүр тус хотхоноос 2-3 байр худалдан авсан хүн ч байгаа аж. Хэрвээ оршин суугчдыг нэг л өдөр байрнаас нь гаргахаар болбол тэд хэнд хандан, хэнээс мөнгөө буцааж авахаа мэдэхгүй байгаа ажээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж