Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Үл үзэгдэгчдийн гар

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “хэний гар” вэ. Дэлхийн нэрт эдийн засагч Адам Смит “үл үзэгдэгч гар” хэмээх зуун дамнасан алдарт бүтээлдээ “Зах зээлийн нийгмийг үл үзэгдэгч гар зохицуулна” хэмээсэн нь бий. Гурван зууны өмнө айлдсан түүний энэ онол улс төрд ч мөн тусгалаа олсон байдаг. Үүнийг улс төрийн нууцлагдмал үйл явц, явуулгууд, ялангуяа ноёрхлоо алдсан лидерүүдийн үйлдлээс харж болдог билээ. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бүтэн жилийн өмнөөс Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хариуцлага тооцох асуудлыг намын дарга, Ерөнхий сайдад тавиад байсан. Түүний идэвхийлэл, улайрлыг анхааралтай ажиглаж байсан АН-ын хоёр гишүүн түүнтэй хүч хавсрахаар санал болгосон нь бүр ч сонирхолтой. Засгийн газраас бялуу хүртэж байгаагүй, шүүмжлэлтэй ханддаг эрхэм гишүүдийн нэгдэл МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж асуудлаа хэлэлцүүлж дөнгөсөн. Тэр тусмаа МАН-ын гишүүн Ц.Батбаяр нам нэгт сайдаа огцруулахаар ийнхүү хүчтэй улайрч байгаа нь анхаарал татаж, “Түүний ард хэн байна вэ” гэсэн асуулт тавихад хүргэж байгаа юм.

Тэрбээр энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултаас эвтэйхэн бултаж “Би өөрийнхөөрөө л байх дуртай. Тиймээс ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Улстөрч хүн хэн нэгний турхирснаар явж болохгүй гэдгийг мэднэ шүү дээ” хэмээсэн байна. Гэхдээ Ц.Батбаяр гишүүн улс төрд дөнгөж орж байгаа биш болохоор “Ганцаарчилсан тоглолт хийсэн бүхэн гайтдаг”-ийг бас мэдэх биз ээ. Нөгөөтэйгүүр түүний ярианаас Ц.Батбаяр гишүүнийг турхирсан “Үл үзэгдэгч хүн” УИХ-ын гишүүн бус байжээ. Тиймээс асуудал тавих боломжийг нь “зээлдээд” мань эрийг ашиглачихаа юу гэж хардаж болохоор байна.

Эрхэм гишүүн нэгэнтээ илэн далангүй ярилцлага өгч байхдаа “М.Энхболдын хүн гэдгээсээ ичдэггүй” хэмээсэн билээ. Нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Ц.Батбаярын ард энэ удаа М.Энхболд байх үндэслэл тун бага. Бараг үгүй гэж хэлж болно. Хэдийгээр МАН-ын дотор М.Энхболдын фракци хүчтэй  байгаа боловч, өөрөө Засгийн газрын ч, МАН-ын Удирдах зөвлөлийн ч толгойд суугаа болохоор суудлаа ганхуулах хүчин зүйлст ямар нэг байдлаар оролцохгүй нь ойлгомжтой.

Тэгвэл Ц.Батбаярын цаана хэн байх вэ.  УИХ-ын гишүүн бус, Засгийн газрыг ганхуулах сонирхолтой, тэр тусмаа Д.Зоригт сайдад дурамжхан гээд үндэслэлүүдийг нэгтгэвэл Намбарын Энхбаярт нэг л ойрхон санагдаад байгаа юм даа. Тэр энэ “шалгууруудад” нэгэн дуугаар тэнцэж байгаа биз. Хөндлөнгөөс иргэн Н.Энхбаяр Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг тавих нь зохимжгүй. Түүнтэй Чингэлтэйн нөхөн сонгуулиас эхлээд л толхилцож эхэлсэн ч “Бод өвс бог өвстэй” орооцолдох эвгүй харагдаад байсан учир хойшлуулж, бусдын гараар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байх үндэслэлтэй. Засгийн газрыг ганхуулахын тухайд эртнээс ил цагаан хийж ирсэн тэмцэл нь энэ шүү дээ. Ц.Батбаяр нарын Д.Зоригт сайдад хариуцлага тооцох долоон үндэслэлээс ч тун нягт бодож боловсруулсан, асуудлыг гарцаагүй нөхцөлөөр тавьсан зэргээс нь “Н.Энхбаярын үнэр” ханхийгээд явчихсныг анзаарсан хүмүүс бий л байх.  Тэгээд ч нэгэн цагт М.Энхболдын хүн гэхээс ичээгүй Ц.Батбаяр Н.Энхбаярын хүн гэхээс ичих нь юу л бол.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр чөлөөт хэвлэлд өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө “Та дандаа инээж явдаг. Харин уурлахаараа яадаг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Их эвгүй дээ” гэж хариулсан байсан.  Үнэхээр эвгүй гэдгийг нь одоо л нүдээрээ хараад үнэмшиж байна шүү. Бас зуумхай юм гээч. “Хэрэв нохой хүнийг зуусан бол энэ шинэ мэдээ биш. Харин хүн нохойг зуусан бол…” хэмээн Ч.Андерсон хэлсэн байдаг. Яагаад Ц.Батбаяр Д.Зоригтыг “зуух” болов?

Уг нь тавьж байгаа асуудал тун зөв бөгөөд “цэвэрхэн”. Хотын дарга байсан тэрбээр эрчим хүчний бодлого муу байгаа, утаагүй түлшийг хаана, яаж хийх боломжтой, үр ашигтай байдгийг мэдэж байгаа аж. Гэтэл мэдсээр байж  хийхгүй байгаа Д.Зоригт сайдыг шүүмжилжээ. Энд ямар нэг “но” алга. Харин утаагүй түлш үйлдвэрлэх тендерийн санхүүжилт болох 17 тэрбум төгрөгөөс хоёр тэрбумыг “Аморе энтернэшнл” компанид “зүгээр өгчихсөн”-д бухимдаж, түүний цаана УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг бас чимхээд авав. Бас л нам нэгтэй, Засгийн газрын гишүүн гэдгээрээ Д.Зоригттой адилхан фигур байгаа биз.

ЭБЭХ-ний сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдыг иртэл хойшлуулсан. Ингэснээр Ерөнхий сайдаар заавал “yes”, “no” товчлуур даруулж олон нийтэд харуулан гарцаагүй шахаанд оруулах тактикийг сонгожээ гэдэг нь харагдаж байна. Эцсийн бүлэгт Д.Зоригт сайдыг огцруулахгүй ч байсан дахиад л энэ асуудлыг тавина. Бүр хэдэн ч удаа тавьж шоудаж болно. Тийм эрх нь УИХ-ын эрхэм гишүүнд бий. Үр дүнд нь ЭБЭХ-ний сайдын асуудлыг олон удаа тавиад байхад нь хариуцлага тооцоогүй Засгийн газар муухай харагдана. Туйлын зорилго нь ердөө л энэ. Хатуу тоглоом байгаа биз. Дүрмийг нь зохиосон “Үл үзэгдэгч” жуумалзан харж суугаа. Түүний гар болсон Ц.Батбаярыг өнөөдөр сонгогчид нь МАН доторх бие даагч байжээ. Тун шударга байна шүү хэмээн үнэлж байна.

Сонгуулийн өмнөх жил эхэлж байгаа энэ цаг үед “Үл үзэгдэгчид” идэвхтэй ажиллах нь тодорхой. Түүний салхийг хагалсан дээрх сценари “булган сүүлтэй” байх нь бүр ч ойлгомжтой. Харин “Үл үзэгдэгчдийн гар хөл”-үүд бараг хохирохгүй. Яасан шударга улстөрч вэ гэж үнэлэгдээд л өнгөрнө. Нам нь түүнийг дэмжихгүй байлаа ч сонгогчид дэмжих болохоор алдах юм алга.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж