Дэлхийд нэр хүнд бүхий банкууд салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Дэлхийд нэр хүнд бүхий банкууд салбараа нээнэ

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал, захирлуудын зөвлөлийн гишүүн Б.Лхагвасүрэнг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан өнгөрсөн жил арилжааны банкуудын нөлөө бүхий хувь нийлүүлэгч, удирдлагуудын  мэдээллийг олон нийтэд ил болгох үүрэг өгсөн. Тухайн үед хугацаандаа багтааж мэдээллээ өгөөгүй банкуудад Монголбанкнаас хариуцлага тооцно гэсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

-Банкны тухай хуульд өнгөрсөн жил нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу долдугаар сард арилжааны банкууд вэб сайтаараа дамжуулан удирдлагууд болон хувь нийлүүлэгчдийнхээ тухай мэдээлэх үүрэг хүлээсэн. Тухайн үед банкууд хугацаандаа үүргээ биелүүлээгүй. Монголбанкнаас тэдэнд дахин хугацаа олгосон. Учир нь мэдээллээ цаг алдаж нийтэлсэн банкууд нь ТУЗ-ийн хурлаа зарласан ч зарим удирдлагаа сонгоогүй байсан шалтгаантай  болох нь тогтоогдсон юм.

-Монголбанкнаас мөн л өнгөрсөн жил арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах зөвлөлгөөн зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Арилжааны банкууд хэт өндөр ашигтай ажиллаж байгаа ч зээлийн хүүгээ бууруулахгүй байна гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа. Үнэхээр зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үү?

-Монголбанк, зарим их, дээд сургуулийн эрдэмтэдтэй хамтран зээлийн хүүг бууруулах гарцыг хайсны үндсэн дээр “Зээлийн хүү бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. “Зээлийн хүү хадгаламжийн хүүнээс шууд хамааралтай. Гэтэл өнөөдөр хадгаламжийн хүү өндөр байлгасны үндсэн дээр харилцагчдаа татаж байгаа учир зээлийн хүү буурах боломжгүй” гэж арилжааны банкны удирдлагууд тухайн үед хариулж байсан. Харин асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр одоогоор  ХААН, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк зээлийн хүүгээ бууруулахаар ажиллаж эхэлсэн.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, 254 компанийн лицензийг түдгэлзүүлэхээр болсон нь арилжааны банкуудад хүнд цохилт болж болзошгүй. Тиймээс танайхаас судалгаа хийж эхэлсэн. Бодит байдал ямар байна вэ?

-Сүүлийн үед арилжааны банкуудын олгож байгаа зээлийн 20 хувийг уул уурхайн салбарынхан авч байгаа тооцоо бий. Арилжааны банкууд  уул уурхайн компаниудын нийт 200 гаруй лицензийг барьцаалж 160 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон нь судалгаагаар тогтоогдсон. Үүнээс 100  лиценз нь дээрх хуулийн хүрээнд хүчингүй болох лицензийн тоонд орж байна. Тэгэхээр арилжааны банкууд эрсдэлд орж болзошгүй байдалд байна. Энэ талаар Монголбанкнаас УИХ-д сануулга өгсөн байгаа.

-Арилжааны банкууд дахиад л эрсдэлд орох магадлалтай болчихож. Өмнө нь дампуурсан хоёр банкных шиг асуудал дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу?

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилжааны банкуудад тавих хяналт нэлээд чангарсан. Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 20  хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн бүхий зээл олгож болохгүй гэсэн хязгаартай. Гэтэл тухайн үед “Анод”, “Зоос” банк энэ хязгаарыг давж зээл олгосоноос л дээрх асуудал үүссэн. Харин одоо энэ бүхэн давтагдах нөхцөл  байхгүй болсон.

-Хязгаараа зөрчиж байгаа эсэхийг танайх хянах үүрэгтэй ч хяналт тавьж чадаагүйгээс л ийм хэрэг үүсээгүй гэж үү?

-Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанкны харилцан уялдаа муу байснаас дээрх асуудал үүссэн. Тухайлбал, Монголбанк зөвхөн өөрийн зохицуулалтад байдаг банкны салбарт л хяналт, шалгалт хийдэг байсан. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтран нэгдсэн хяналт, шалгалт хийх эрхтэй болсон. Тухайлбал, бизнесийн аж ахуйн нэгжүүд өнөөдөр маш олон үйл ажиллагаа зэрэг явуулдаг болчихож. Банкнаас салбарласан охин компани байгуулна, эсвэл томоохон компаниасаа салбарлуулаад банк байгуулчихсан байх жишээтэй. Одоо энэ бүхнийг нь Монголбанкнаас шалгалтад хамруулах боломжтой учир тийм асуудал дахин гарахгүй. 

-Арилжааны банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх тухай төсөл Монголбанкнаас боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч нам жим байна. Юу болсон бэ?

-Одоогоор арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохист хэмжээ нь нийт хөрөнгийн найман хувьтай тэнцэх ёстой гэж заасан. Харин Монголбанкнаас арилжааны банкуудын эрсдэлийг давах боломжийг сайжруулахын тулд бүтцийн өөрчлөлт хийж, банкийг чадавхжуулж, өөрийн хөрөнгөөр дэмжих хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрт одоо мөрдөгдөж байгаа дүрмийн санг нэмж, 12 хувь хүртэлх хэмжээтэй байхаар заасан. Үүний тулд шаардлагатай байгаа 160-200 тэрбум төгрөгийг төрөөс гаргах хэрэгтэй байсан. Хэрэв үүнийг Засгийн газраас гаргаж өгсөн бол арилжааны банкуудын хөгжил хурдсах бололцоотой байсан. Гэтэл шийдэгдэлгүй удсан учир арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр алгуурхнаар урагшилж, хөтөлбөрийн маань ач холбогдол ч буурч эхэллээ. 

-Манайд үйл ажиллагаа явуулдаг 14 банкны 70 орчим хувийнх нь хувьцааг гадныхан эзэмшдэг. Энэ нь  мөнгө угаах нэг хэлбэр болж байгаа гэсэн хардлага нэлээд гарах болсон. Үүн дээр ямар хяналт тавин ажиллаж байна?

-Үйл ажиллагаа явуулж буй 14 банк бүгд дотоодын банк. Учир нь банк байгуулах зөвшөөрлөө Монголбанкнаас авч, үйл ажил­лагаагаа явуулж байгаа. Харин нийт банкны 70 орчим хувьцаа эмэмшигчид нь гадныхан байдаг нь мөнгө угаахтай ямар ч хамаагүй. Бидний зүгээс тавих хяналтаа тавиад явж байгаа.

-“Зоос” банкны суурин дээр байгуулагдсан Төрийн банкийг хувьчлах нь тодорхой болсон. Энэ бүхний цаана оросууд байгаа гэсэн хардлага гараад байгаа?

-“Зоос” банкийг татан буулгаж, Төрийн банк байгуулахад Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Улмаар активынх нь сайн хэсгийг Төрийн банкинд шилжүүлсэн. Харин муу хэсгийн авлагыг нь барагдуулаад явж байна. Одоогоор 100 тэрбум төгрөгийн бондын 20  тэрбумыг нь барагдуулсан байна. Үлдсэн 80 тэрбум төгрөгийн бондыг хоёр жилийн хугацаанд барагдуулахаар зээл авсан  байгууллагуудтай нь гэрээ  байгуулчихсан. Нэгэнт Төрийн банкны үйл ажиллагаа жигдэрч байгаа учир хувьд шилжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Харин хэн ч хувьчлах боломж нээлттэй байгаа. Тухайлбал, манайд салбараа нээх хүсэлтэй байгаа олон улсад нэр хүнд бүхий банкуудад энэ бол том боломж болон харагдаж байгаа.

-Олон улсад нэр хүндтэй ямар банкууд манайд салбараа нээх хүсэлтэй байгаа гэж. Төрийн банкийг хэзээ хувьчлах юм бэ?

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Голландын “Ай Эн Жи” банк манайд төлөөлөгчийн газраа нээгээд нэг жил болж байна. Тиймээс энэ банкны салбар ойрын хугацаанд Монголд нээгдэнэ. Мөн дэлхийд алдартай “Стандарт чартер” банкныхан манайд салбараа нээх хүсэлтээ тавиад төлөөлөгчийн газраа нээхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Олон улсад нэр хүнд бүхий банкууд манайд үйл ажиллагаагаа явуулахаар орж ирж байхад манай талаас татгалзах зүйл байхгүй. Харин ч арилжааны банкуудын дунд өрсөлдөөн үүсч, шүүмжлэлд өртөөд байдаг асуудлууд үгүй болох эхлэлийг тавих юм. Мөн их хэмжээний хөрөнгө хэрэгтэй болсон үед манай томоохон аж ахуйн нэгжүүд гадаадын банкнаас зээл авахгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын банкууд манайд үйл ажиллагаа явуулснаар монголчуудад зээлдэгчдэд мөнгө зээлснийхээ төлөө хуулийн дагуу татвараа төлөөд явах юм. Төрийн банкны хувьчлалын тухайд тодорхой болсон ч цаг хугацаа нь тодорхой болоогүй байгаа. Ямартай ч хувьчилж авах өрсөлдөгч олон байх болов уу. 

-Эдгээр банк монголд үйл ажиллагаа явуулж эхэллээ гэхэд хяналт шалгалтыг мэдээж Монголбанкнаас хийнэ. Ямар байдлаар хяналт тавих вэ?

-Эдгээр банкны  төв нь биш салбар банк нь манайд үйл ажиллагаагаа явуулах учир хяналт шалгалтын тал дээр нэлээд ажиллагаа шаардагдах нь мэдээж. Тиймээс төв банктай нь Монголбанк харилцан тохиролцсоны үндсэн дээр хяналт шалгалтыг хийх юм.

-Та өмнө нь Төрийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн гэсэн. Гэтэл арилжааны банкууд Төрийн банкийг онцгойлон анхаардаг гэсэн гомдолтой хэвээр л байна. Энэ үнэн үү?

 -Монголбанкны зүгээс тийм зүйл огтхон ч гаргаагүй. Харин төр өөрийн мэдлийн банкиндаа төрийн сангийн мөнгө, нийгмийн даатгалын хөрөнгө зэргийг хийх мэдэлтэй байдаг байх.

 -Төрөөс арилжааны банкуудад байгаа хадгаламжид баталгаа гаргаж өгснөөр “Анод”, “Зоос” банкны хохирогчид хохирлоо барагдуулах нь хялбар болсон. Гэтэл “Анод”-ын хохирогчдын хохирлыг одоо болтол барагдуулаагүй байна шүү дээ?

-Тэр хүмүүс тухайн үед “Анод”-ыг хувьцаа гаргахад биржээр дамжуулан авсан ч  хувь нийлүүлэгчдийн хурал хийгээгүй, бүртгэж аваагүй, гэрчилгээ өгөөгүй учир хувь нийлүүлэгчид биш. Харин өөрсдийгөө хохирогчид гэж байгаа. Тиймээс тэдний хувь нийлүүлсэн хөрөнгийг алдагдалд нь хаах ёсгүй гэсэн шаардлага  тавьж байгаа. Хууль хяналтын байгууллагаар тэднийг хувь нийлүүлэгчид мөн биш эсэхийг нь тогтооно. Ингэсний дараа улс төрийн шийдвэр гаргаж байж л шийдэх болов уу.

-Хадгаламжийн батал­гааны тухай хууль нь нэг талаас арилжааны банкны удирдлагуудыг санаа амрахад хүргэж, нөгөө талаас хадгаламж эзэмшигчдийг хадгаламжиндаа тавих хяналтгүй болгож байна гэдэг. Энэ хэвээрээ хууль үйлчлээд байвал юу болох вэ?

-2008 онд санхүү эдийн засгийн хямрал болж, иргэд банкнаас хадгаламжаа татаж байсан. Энэ үед арилжааны банкуудыг бодлогоор дэмжих үүднээс Хадгаламжийн баталгааны тухай хууль санаачилсан нь иргэдийн хадгалмжийг үлдээх нэг арга байсан. Хуулийн хэрэгжих хугацаа 2012 онд дуусна. Үүний дараа дэлхийн жишгийн дагуу Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлахаар ажиллаж байна. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслөөр банкууд хадгаламжийнхаа 0.5 хувьтай тэнцэх хөрөнгөөр даатгалын сан бүрдүүлж, харилцагчдынхаа хадгаламжийг даатгуулах эрхтэй болно. Ингэснээр харилцагчдын ч банкны удирдлагуудын ч хүлээх үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ.  

-Сүүлийн үед Монгол төгрөг ам.долларын эсрэг хүчтэй чангарсан. Үүний шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ юанийг дагаж хэлбэлзэж байна гэх яриа газар авсан. Та үүнд Монголбанкны байр сууринаас хариулт өгөөч?

-Монгол төгрөг  хамгийн эрчимтэй өсч байгаа мөнгөн тэмдэгтээр өнгөрсөн онд шалгарсан. Хэрэв юань ч юм уу, ямар нэгэн улсын мөнгөн тэмдэгтийг дагаж өсч, суларч  байгаа бол ойролцоо зөрүүтэй хэлбэлзэх байсан. Гэтэл төгрөгийн валюттай харьцах ханш харьцангуй өөр түвшнээр өөрчлөгдсөн. Энэ нь уул уурхайтай холбоотой гарч буй шийдвэрүүдээс хамааран өсч буй ханшийн чангарал юм. Мөн өнгөрсөн жил валютын дотогш орох урсгал нэмэгдэж Монголбанкны валютын нөөц өмнө нь байгаагүйгээр өсч, хоёр тэрбум ам.долларт хүрсэн нь ч төгрөгийн эрэлт их байгааг илтгэж байна. 

-Хөгжлийн банкны удирдлагаар БНСУ-ын Хөгжлийн банкны баг ажиллахаар болсон. Хөгжлийн банкинд Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг хяналтаа тавина биз дээ?

-Хяналт шалгалтын ажлыг хийнэ гэж найдаж байгаа. Засгийн газраас уул уурайн баялгаас орж ирсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс байгуулж байгаа Хөгжлийн банкны удирдлагыг БНСУ-ын баг авсан нь алдаагүй байх. Учир нь БНСУ-д чиглэл бүрээр хөгжлийн банк бий. Энэ туршлага нь манайд нэвтэрч, Хөгжлийн банкаа хөл дээр нь босгоно гэж бодож байна.

-Энэ онд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого явуулна гэдгээ зарласан. Гэтэл мөнгөний хатуу бодлого нь арилжааны банкууд руу мөнгөний урсгалыг татаж, хөрөнгийн зах зээлийг боомилдог гэдэг юм билээ?

-Хөрөнгийн  зах зээл хөгжихгүй байгаа нь мөнгөний хатуу бодлоготой огтхон ч хамаагүй. Банкны систем 1996, 2008 онуудад хямралд өртөн сөхөрч байсан. Харин өөрсдийн хөрөнгөөр энэхүү хямралыг банкны системийнхэн удаан хугацаанд  даван туулж, өнөөдөртэй золголоо. Гэтэл хөрөнгийн зах зээл адилхан уналтад орсон ч одоо болтол сэргэж чадахгүй байсаар эдийн засгийн үүрэх ачааны 90 хувийг банкны системийн нуруун дээр үүрүүлсэн. Ер нь дэлхийн улс орнууд хөрөнгийн болон банкны зах зээл давамгайлсан гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Тухайлбал, банкны систем давамгайлсан Япон, Герман улс байна. Харин хөрөнгийн зах зээлийн систем давамгайлсан улс гэвэлАнгли, Хонгконг байх жишээтэй. Эдгээр улсын эдийн засаг маш хүчтэй учир түлхүү хөгжсөн зах зээлийн систем нь эдийн засгаа хангалттай үүрээд явдаг. Харин манайх тийм биш учир банк болон хөрөнгийн зах зээлийг зэрэг, тэнцүүхэн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал зах зээлийн тэнцвэрт байдал хадгалагдаж, зээлийн хүү өндөр байх гэх мэт хүндрэлүүд үгүй болно.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж