Фото: www.gabriellegiffords.com
АНУ-ын Конгрессийн доод танхимын гишүүн Габриэль Гиффордсыг (Gabrielle Giffords) Аризона мужийн Тусон хотод уулзалт хийж байхад нь бууджээ. Өмнө түүнийг хөнөөлөө гэж энэ сарын 8-нд Associated Press мэдээлсэн байв. Гэмт хэрэгтэн 22 настай Жаред Ли Лофнер гэгч Гиффордсыг Конгресст төлөөлдөг бүсийнхэнтэйгээ уулзалт хийж байх үеэр буудаж зургаан хүн алагдаж, конгрессмены хамт 12 орчим хүн шархаджээ.
Гэмт хэрэгтэнг барьсан байв. Түүнийг зугтахад нь санамсаргүй явж байсан хүн саад хийн унаган барьж авсан гэнэ. Ардчилсан намыг төлөөлөн Габриэль Гиффордс 2003-2005 онд Аризона мужийн сенатад сууж байгаад 2007 онд Конгрессийн доод танхимд сонгогджээ. Гиффордс 40 настай бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн мэс засал хийсэн байна. Эмч нар түүний биеийн байдлыг хүнд гэсэн ч амьд үлдэнэ гэжээ. Америкийн телевизээр мэдээлснээр сум түүний чамархайд тусаад духаар нь гарсан гэнэ. Өмнө нь алуурчны суманд есөн настай охин, холбооны шүүгч Жон Ролл нар амь үрэгдсэн нь тодорхой болсон байлаа. Алуурчин өөрийн сүлжээний хуудсандаа найз нөхөддөө хандан түүнд уурлахгүй байхыг сануулаад АНУ-ын засаг захиргаа валютын алтан баталгааг хийж чадахгүй байгааг шүүмжилсэн ба өөрийн хотынхны боловсрол муутай гэж шүүмжилсэн байв.