Одоо гүйцээ. Дахиад чадахгүй. УИХ-ын гишүүд байнгын хороодыг хаалттай хуралдуулах хууль нэгэнт баталж чадсан бол яая гэхэв. Тэд угаасаа өөрсдөдөө зориулж хууль баталдаг гэдгийг бид ямар мэдэхгүй биш дээ. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг баталсны балгаар хэчнээн өрх хөлс хүчээ шингээж олсон мөнгөө “түймэрдэж” амьжиргаанаасаа саллаа. Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар баталснаар ард түмнийхээ саналыг хэчнээн ч жил луйвардав. Эцэст нь таван хүний аминд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарав. УИХ-ын гишүүдийн ах дүү нар, амраг садангийн бизнест зориулж хэчнээн ч хууль гаргав. Тэдгээр “түр” хуулиуд тухайн үедээ үүргээ гүйцэтгээд л мартагддаг заншил тогтоод байгаа билээ. Харин энэ удаагийн байнгын хороог хаалттай болгох хуулийн автор нь Ч.Сайханбилэг. Хоёр жилийн өмнө хоёр сарын хугацаатай хаалттай болгоход зохиолыг нь Э.Бат-Үүл бичсэн байж билээ. Хачирхалтай юм шүү. Ардчилсан нийгмийн шүншиг нь чөлөөт хэвлэл гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх ёстой хоёр хүн өөрсдийнхөө нээж өгсөн хаалгаа хаах гэж зүтгэж явдаг. Гээд яах билээ. Эсэргүүцлээ. Дургүй байгаагаа илэрхийллээ. Тухайн хуульд хориг тавих болов уу гэж сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгчдөө найдаж байсан ч горьдлого тасарлаа. Тэр хориг тавихаас татгалзлаа. УИХ-ын дарга болоод зарим гишүүнтэй уулзаж хэдэн дипломат үг чулуудсан төдийгөөр ээлж өнгөрөөлөө. Энэ чинь сэтгүүлчдийг дэмжихгүй байна л гэсэн үг. Нийгмийн хандлага ч ийм байгааг мэргэжил нэгт андууд минь ойлгоосой. Сэтгүүлч хүнд мэдээлэл хэдийчинээ хаалттай болох тусам тэр харанхуйг цуу татаж бодит мэдээллийг нийтэд хүргэхийн төлөө ажиллах ёстой. Хэзээ л бидэнд мэдээлэл нээлттэй байлаа даа. Түүнээс мэдээлэл хаалттай болсноор шалтаглаж ажлаа хийхгүй сэлгүүцнэ гэсэн үг биш. Тэгээд ч УИХ-ын гишүүдийг бид сурталчлах үүрэггүй. Сэтгүүлчдийг хараад жүжиглэдэг гишүүдэд энэ хориг харамсалтай болохоос сэтгүүлч хүнд огтхон ч харуусах зүйл биш. Хаалга хаалттай байна уу, нээлттэй байна уу хамаагүй. Нуух тусам нь ил болгоно. Хүн төрөлхтөн төр гэдэг муу ёрын үзэгдлийг бодож олсон тэр цагаас л эрх ашгаараа нэгдсэн бүлэг хүмүүс бүхнийг нуухын төлөө зүтгэж ирсэн. Харин түүнийг л ил болгохын төлөө сэтгүүлчид хамаг бүхнээ зориулсаар ирсэн. Тиймдээ ч дөрөв дэх засаглал хэмээн хүндлэл хүлээсэн. Энэ бол сэтгүүл зүйн зарчим. Сэтгүүлчдийг харахаараа шоуддаг гишүүд байдаг шиг байнгын хорооны хурлыг хаалттай болгосноор сэтгүүлчид энэ удаа популизм хийж байгаа нь хөгийн байна. Одоогоор тэр парламентын сэтгүүлчдийн холбоо гээчид орчихоод ажлаа хийхгүй байгаа сэтгүүлчдийн аль нь ч шийдвэр гаргах түвшний албан тушаалтан биш. Өөрөөр хэлбэл, тухайн сонин, телевизээ төлөөлөх эрхгүй гэсэн үг. Тэд бол зүгээр л гүйцэтгэх ажилтнууд. Тиймээс үүнийг популизм гэхээс өөрөөр хэрхэн дүгнэх билээ. Байнгын хорооны ажилтан аятай юу ч хийхгүй сэлгүүцэж байгууллагаа хохироохоо одоо боль. Амбиц чинь хэтрээд ажлын чинь чадвар буураад байна. Ажлын цаг аль хэдийнэ эхэлсэн байна. Явж мэдээгээ бич.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин