Сири дуулианы эзэд болж, Япон Йордантай хайнцав

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Сири дуулианы эзэд болж, Япон Йордантай хайнцав

Азийн аваргын цомыг нутагтаа аваачих өндөр магадлалтай гэгдэж буй Саудын Араб болон Японы багууд эхлэлээ тун тааруу тавилаа. Өчигдөр тэмцээний В хэсгийн хоёр тоглолт болсон бөгөөд дөрвөн жилийн өмнө финалын тоглолтод Иракийн шигшээд хожигдож байсан Саудын Арабын баг Катарт болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо Сирийн багтай хийж, 2:1 харьцаатай хожигдсон байна. Харин хамгийн сүүлд 2004 онд тивийнхээ аварга болсон Японы шигшээ баг Йорданы багтай 1:1 харьцаатай тэнцжээ.
Өмнө нь дөрвөн удаа Азийн аваргад өрсөлдөж байсан ч хэсгийн шатнаас шалгарч байгаагүй Сирийн шигшээ энэ удаад хагас хамгаалагч Абдулразак Аль Хусейний дублийн ачаар Саудын Арабыг буулган авч, В хэсгийг тэргүүлж эхэллээ. Аль-Райян хотын “Али” цэнгэлдэхэд болсон тоглолтын 38 болон 63 дахь минутад Аль Хусейн гоолдсон байна.
Харин Йордан болон Японы шигшээ багийн тоглолтод эхний хагас өндөрлөх мөчид Йорданы Абдель Фатта багтаа тэргүүлэл авчирсан бол тоглолт өндөрлөхийн өмнөхөн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Майа Ёшида тэнцээний бөмбөгийг оруулжээ.
Хуваарь ёсоор өнөөдөр С хэсгийн эхний тоглолтууд болох бөгөөд Энэтхэгийн шигшээ Азид чансаагаараа тэргүүлж буй Австралийн багтай тоглох бол Шар тивийн хошой аварга Өмнөд Солонгосын баг Бахрайнтай тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж