Олимпиадын шагналтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Олимпиадын шагналтнууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиосон зураг, төслийн автоматжуулсан систем CAD/CAM-ын анхдугаар олимпиад өчигдөр дүнгээ гаргалаа. Олимдиадыг оюутны, инженер техникийн ажилтны, багийн гэсэн гурван хэсэгт хувааж зохион байгуулсан байна.   Эхний хоёр хэсгээс шалгарсан найман оюутан, найман инженер техникийн ажилтны дундаас сугалаагаар  дөрвөн баг бүрдүүлж, багийн тэмцээн зохион байгуулжээ. 
Оюутны хэсгээс ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Б.Нямбаяр нэгдүгээр байрт, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан Ц.Ариунболд хоёрдугаар байрт, ОХУ-ын Братск хотын ТИС-ийн оюутан Б.Эрдэнэбаяр гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Хэнчбиш, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан  Б.Батболор нар тусгай байр эзэлсэн байна. Б.Нямбаярыг диплом, алтан медаль, нэг сая төгрөгөөр, Ц.Ариунболдыг диплом, мөнгөн медаль, 800 мянган төгрөгөөр, Б.Эрдэнэбаярыг диплом, хүрэл медаль, 500 мянган төгрөгөөр, Д.Хэнчбиш, Б.Батболор нарыг диплом, тус бүр 300 мянган төгрөгөөр шагнав.  
Инженер техникийн ажилтнуудаас Эрдэнэтийн УБҮ-ийн инженер Б.Данаажав нэгдүгээр байрт, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай хоёрдугаар байрт, Улаанбаатар төмөр замын инженер Ц.Чинзориг гуравдугаар байрт, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат –Ирээдүй, АПУ компанийн инженер Ц.Гантулга нар тусгай байрт шалгарлаа. Шалгарагсдад оюутнуудын адил диплом, медаль, мөнгөн шагнал гардууллаа.
Багийн тэмцээнд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер Г.Жасрай, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн оюутан Б.Батболор, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан Д.Далайцэрэн, Энержи ресурс ХХК-ийн инженер Г.Бат-Ирээдүй нарын бүрэлдэхүүнтэй баг түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом, аврагын диплом, нэг сая төгрөгийн шагнал хүртэв.  
Олимпиадын байр эзлэгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, МУИС-ийн ректор С.Төмөр-Очир, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан нар диплом, медаль, мөнгөн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Эх сурвалж President.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж