Ө.Уянга “Харанхуйн хатан”-д дуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ө.Уянга “Харанхуйн хатан”-д дуулав

Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурь өнгөрсөн бямба гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэлээ. Тус дуурийг Германы нэрт удирдаач Феликс Рейманн удирдсан бөгөөд гол дүрийн “Харанхуйн хатан”-д Ө.Уянга, Тамино ханхүүд Ц.Доржсүрэн, Памина гүнжид Н.Туяа, Зарастрод Ч.Чинзориг, шадар мэргэнд А.Сайнбаяр, Папагенод Ц.Баттөр, Папагенад Ш.Наранчимэг, Моностатост Г.Шижирболд нар тус тус тоглов. Энэ үдэш гадаадын жуулчид, дуучин Б.Сарантуяа, BX болон хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, мисс Ч.Мичидмаа зэрэг олны танил эрхмүүд ирсэн байв. “Увидаст лимбэ” дуурийн хамгийн оргил хэсэг болох хоёрдугаар бүлэгт “Харанхуйн хатан хаан”-ы дуулдаг “der Holle Rache kocht in meinem Herzen” буюу “Тамын өшөө хорсол зүрхэнд минь буцалж байна” ариг дуучин Ө.Уянга гайхамшигтай дуулсан. Тэр бүгдийг бишрүүлж чадсан юм. Энэхүү харанхуйн хатны ариг дуулахад дуучны дуу F6 өнгөд хүрдэг аж. Харин F6 нь дуурийн хамгийн дээд өнгөд тооцогддог байна. Тиймээс энэ ари нь дэлхийд алдартай төдийгүй дуучдын ур чадвар, хоолойны цар хүрээг шалгасан хүнд гэж үздэг аж. Харин дуучин Ө.Уянгын хувьд энэ үдэш “Харанхуйн хатны дүр”-ийг гайхалтай сайн бүтээсэн бөгөөд үзэгчдээс төдийгүй Германы удирдаач Феликс Рейманнаас өндөр үнэлгээ авсан юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж