Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв | News.MN

Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв

Чили улсын гадаад харилцааны сайд Алфредо Морено өнгөрөгч бямба гаригт Палестиныг “Бие даасан, бүрэн эрхт, чөлөөт улс” хэмээн Чили улс хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгджээ.
Өнгөрөгч 2010 оны 12 дугаар сард Боливи, Аргентин, Бразил, Куба, Никарагуа, Коста Рика, Венесуэл зэрэг латин америкийн 7 орон Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ.
Чили улс  дэлхийн хэмжээнд хамгийн олон араб гаралтай хүмүүс оршин суудаг орны нэгэнд тооцогддог  бөгөөд өнөөгийн байдлаар 300000 араб гаралтай иргэд, 30000 орчим еврей гаралтай хүмүүс оршин сууж байгаа ажээ.
Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньерогийн тамгын газрын даргаар еврей гаралтай өмгөөлөгч Родриго Хинцпетер ажилладаг ба гадаад харилцааны сайд Алфредо Морено “Чили улсад энэ хоёр үндэстэн ах дүүсгээр, найрсаг хамтран аж төрдөг бөгөөд манай улсын хийж буй энэ алхам Израиль, Палестин улсын хувьд ч гэсэн найрсгаар амьдрахад нь санаа авах зүйл болоосой гэж найдаж байна” гэсэн байна.
Чилийн Диего Порталесын их сургуулийн улс төр судлаач багш Патрисио Навиа “Латин Америкийн бусад орнуудтай нэгэн адил ийм шийдвэр гаргаж байгаа нь их зөв алхам юм.  Палестин гаралтай олон иргэдээ бодолцон үзсэн ч  гэсэн Чили улс ухарч суугаад байх хэрэггүй юм гэж бодож байна” гэж ярьсан аж.
Чилийн их сургуулийн академикч Густаво Мартинес “Тусгаар улс болохыг нь хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргасан нь палестины ард түмэнд  улс төр-ухамсрын хувьд нь дэмжлэг үзүүлж буй хэрэг болохоос үүнээс үүдэн гарах бодит үр нөлөө байхгүй байх гэж бодож байна” гэжээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж