”Тусгай салаа”-ны тусгай залуус

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

”Тусгай салаа”-ны тусгай залуус

Нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дуулиан одоо ч тасрахгүй хэвээр байна. Өнгөрсөн сард болсон “Гоо марал-2010” наадмаас тус кино “Телевизийн шилдэг бүтээл” номинацид тэргүүлж Гоо маралын эзэн болсон юм. Тэднийг өнгөрсөн жилийн хамгийн эрэлттэй, олны анхаарал татсан жүжигчид ч гэж хэлж болохоор байгаа юм.

Сүлд буюу А.Алтанхуяг

“Тусгай салаа” киноны Сүлд буюу Жүжигчин А.Алтанхуяг өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож байсан. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт “МИ-15” кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож “Тусгай салаа” кинонд тоглохоор шийджээ. Тэрбээр “Сүлд гэдэг нөхөр бол миний хувьд тэнгэрт тулчихсан амьтан. Би чинь хотын хөдөөд, боргил амьдрал дунд өссөн. Би хүүхэд насаа адуу мал эргүүлж, хурдны морь унаж өнгөрөөсөн. Дэгсдүүлсэн хүнд бол оюутан болоод л анх хотод орж ирж байлаа шүү дээ. СУИС-д ороод л хотожсон гэх үү дээ. Тэгж бодохоор гоё ресторанд орж, тансаг машин энэ тэр унаж явсангүй. Хаммерыг тухайн үед зураг авалтын үеэр л унаж байсан. Би ээж, дүү хоёртойгоо амьдардаг, хоосон хонохгүй, хоёр идэхгүй энгийн л нэг борог амьдралд өссөн. Харин Сүлд бол тэс өөр хүн гэж ярьсан байдаг. Гэхдээ түүнийг баян айлын эрх танхи хүүгийн дүрийг чадварлагаар бүтээсэн гэх хүмүүс олон байгаа юм.

Дэд ахлагч Номин буюу Б.Гэрэлчулуун

“Мисс Монголиа” наадмын 2007 оны мисс Б.Гэрэлчулуун буюу “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номин Соёл Урлагийн их сургуульд жүжигчний ангид суралцдаг, энэ хавар төгсөх аж. “Тусгай салаа”-ны Номин түүний анхны дэлгэцийн бүтээл. Б.Гэрэлчулуун сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ажиллахыг хүсдэг гэнэ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн “Гоёл-2011” наадмаас шилдэг загвар өмсөгч хэмээх хүндтэй шагналыг хүртсэн юм.

Хурц буюу жүжигчин Д.Мөнхбат

Жүжигчин Д.Мөнхбат нь 2002 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд “Вансэмбэрүү”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кинонд тоглож байсан юм. Түүнээс хойш Тайвань, Сингапурт таван жил амьдраад 2008 оны сүүлээр Монголдоо иржээ. Түүнээс хойш тоглосон кино нь “Тусгай салаа”. Тиймээс камерын өмнө гарахдаа их сандарч байсан гэж ярьдаг. Эхнэр, охины хамт амьдардаг. Түүнийг “Тусгай салаа” олон ангит кинонд тоглосноос нь хойш зар сурталчилгаа болон кинонд тоглох санал их ирэх болсон гэнэ.

Түвшин буюу П.Баттөр

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин П.Баттөр 2008 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсч Улсын драмын эрдмийн театрт ажиллаж эхэлжээ.  Киноны Түвшин боловсролтой, махлагдуу, сульдаа, бие муутай, доожоогүй эр байх ёстой. Гэтэл жүжигчин П.Баттөр бодьбилдингийн спортоор хичээллэдэг нэгэн. 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Найруулагч Түвшин сул дорой нэгэн байсан ч цэрэгт явснаар бие бялдар нь өөрчлөгдөж байгааг харуулахын тулд бяцхан “заль” хэрэглэсэн. Киноны эхний ангиудад Түвшингийн чийрэг бие хааг “нуух”-ын тулд дандаа хувцастайгаа байгаа зургийг нь авдаг байсан гэнэ.

Дэндэв буюу Т.Эрдэнэбаяр

“Тусгай салаа” олон ангит киноны үзэгчдийн хамгийн хайртай дүр бол Дэндэв. “Ээ Улаан туг” хэмээх уулга алдалтыг “мода”-нд ортол нь эгэл бор хөдөөний залуугийн дүр бүтээсэн жүжигчин Т.Эрдэнэбаяр нь өдгөө 31 настай. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр 2003 онд төгссөн. МҮОНРТВ-ийн кино программын албанд дуу оруулагчаар ажилладаг эхнэр охин, хоёр ихэр хүүгийн хамт амьдардаг. Т.Эрдэнэбаяр одоо “Өнгөт инээд” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “Олз” хэмээх инээдмийн кинонд цагдаагийн дүрийг бүтээж байгаа гэнэ. Сонирхуулахад түүний кинон дээр дуулдаг “Ааваа зорино” дуу нь одоо ч FM радиогийн хит парадыг тэргүүлж байгаа аж. Өнгөрсөн шинэ жилийн баяраар Дэндэв олон байгууллагын хүндэт зочноор уригджээ.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж