Чөлөөт бүс хөрөнгө оруулагчдаа хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүс хөрөнгө оруулагчдаа хүлээж байна

Бизнесийн хамгийн эрүүл орчин чөлөөт бүс байдгийг монголчууд олон жилийн өмнө харж, тэр үеэс байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Монгол Улс дөрвөн чөлөөт бүстэй ба хамгийн том нь урд хил дээрх “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс бол хойд хөршийн хилийн ойролцоох “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс юм. Чөлөөт бүсэд юуны өмнө дэд бүтцийг байгуулж, дараа нь газраа хуваарилах дэс дараатай. Ингэснээр чөлөөт бүс үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох юм. Гэтэл дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө өнгөрсөн жилүүдэд хангалтгүй байснаас хугацаа алдаж, одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг цогцоор шийдвэрлэж, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцийг орон нутгийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх тухай тусгасан байдаг. Тэрчлэн эдгээр ажлыг гүйцэтгэх зардалд 2010 онд улсын төсөвт 4,3 тэрбум төгрөг суулгаснаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд цэвэр усны эх үүсвэрээс бүс хүртэлх шугам хоолой, насос, цахилгаан шугам татаад байна. Мөн чөлөөт бүсэд хувийн хэвшлийн барьж байгуулж буй худалдаа, үйлчилгээний төв сууриа тавьж сүндэрлэж эхэлжээ.
Харин Замын-Үүд эдийн засгийн худалдааны чөлөөт бүсийн тодорхой хэмжээний хэсгийн дэд бүтцийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 31,3 сая ам.долларыг зориулах болжээ. Ингэснээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ба, Ажлын албаныхан тус бүсийг 2013 онд гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг ашиглахад бэлэн болгосон байна. Мэргэжлийн албадын нэгдсэн байрны барилга угсралтын ажил дуусч, улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Хоёр хил дээрх том хэмээн үзэж буй хоёр бүс одоогоор ийм байдалтай байна. Энэ онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 4,5 тэрбум, “Цагааннуур”-ын чөлөөт бүсэд 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт суулгажээ.
“Замын-Үүд”, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөл байгуулагдсан байна. Тэд ирэх тавдугаар сард болох Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэхүү чуулга уулзалтыг хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор зохион байгуулж буй бөгөөд хэд хэдэн орны бизнесмэн оролцохоо илэрхийлсэн байна. Түүнчлэн Монголын чөлөөт бүсийг хөрш зэргэлдээх орныхон ч дэмжиж ажиллахаа мэдэгдээд байгаа юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж