Сургалтын 500 мянгыг яаж авах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.09-нд нийтлэгдсэн

Сургалтын 500 мянгыг яаж авах вэ?

Хүний хөгжил сангаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар олгохоор шийдвэрлээд байгаа. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид суралцагчдад 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгохоор шийдвэрлэж, Төрийн сангаар дамжуулахаар болсон билээ. Энэ дагуу оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстойг сонирхуулъя. Боловсролын үйлчилгээний хэлбэрээр очих  эх орны хишгийг хүртэхийн тулд оюутан та оршин суугаа (иргэний үнэмлэхний хаяг дээрх) харьяа сум, баг, хорооны нийгмийн ажилтанд хандаж хүсэлт гаргана. Уг хүсэлт цааш аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгууллагаар дамжиж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт албан ёсоор уламжлагдах аж.

Мөн их,  дээд сургууль коллежи нь 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид сурч байгаа нийт суралцагчийн нэрсийн жагсаалтыг холбогдох мэдээллийн хамт  Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр хүргүүлэх гэнэ. Жагсаалт тус санд хянагдан улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан тухайн суралцагчийн аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, Сургалтын төрийн сангаас ирүүлсэн мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар эцсийн шатанд нь тулгалт хийж, баталгаажуулан,  Сангийн яаманд хүргүүлснээр эх орны хувь хишиг хүртэх албан ёсны эрх оюутан танд нээлттэй болох юм.

Дашрамд сануулахад, сургалтын төлбөрөөр олгох энэхүү хувь хишгийг авах бичиг баримт баталгаажуулалтын эцсийн хугацааг ирэх хоёрдугаар сарын 1-нд дуусгавар болох тул түүнээс урьтахыг анхааруулъя.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж