Хөвсгөл, Булган, Завхан аймгийн зарим сумдад өвөлжилт
хүндэрч байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Завхан аймгийн Засаг
даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Тухайн
орон нутагт ямар байгаа талаар аймгийн Засаг дарга Я.Санжмятаваас тодруулаа.
-Танай аймгийн
ямар сумдад өвөлжилт хүндрээд байгаа вэ?
-Аймгийн хойд талын сумд буюу Асгат, Баянхайрхан, Баянтэс
сумдад илүү хүнд байна. Өөрийн биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн
гурав хоногт долоон сумдад ажиллаж, хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэх ажлыг
зохион байгуулаад байна. Аймгийн өвс тэжээлийн нөөцөөс 100 тонн байгалийн
хадлан, 30 тонн гар тэжээл хүргэх шатахууны зардалд найман сая төгрөг
зарцуулаад байна. Мөн жил бүр Нөмрөг, Түдэвтэйгээр дамжаад Увс, Ховдын
чиглэлийн “Агуйт” хэмээх даваа байнга цасанд хаагдаж байгааг Зам тээвэр,
барилга хот байгуулалтын яаманд хүсэлт гаргасны дагуу аймгийн Онцгой байдлын
газарт техник тоног төхөрөөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр хойд талын сумд руу
зам гаргаж, үндсэндээ зам даваа хаагдсан асуудал байхгүй болоод байна.
-Тухайн орон
нутагт цасны зузаан ямар байна?
-Баянтэс сум ерөнхийдөө гамшгийн байдалд хэмжээнд байна.
Тухайн суманд 12 дугаар сарын 06-ны өдөр нэг удаагийн цас оролтоор 26 см-ийн
зузаан болсон бол удаа дараагийн оролтоор тал газраа 40-50 см, зарим газраар
1метр зузаан цастай байна. Цасны зузаан өдөртөө дулаарч, дагтаршиж, мөстснөөс
мал бэлчээрлүүлэхэд хүндрэлтэй байна.
-Орон нутагт
ажиллах үеэр ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?
-Онцгой хүнд бүсэд байгаа бага насны хүүхэд, ахмад
настан, жирэмсэн эхчүүдийг сумын төвд авчирсан ч, ар гэр, мал хэцүүдлээ гэх
шалтгаанаар буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Хэдий мал хэрэгтэй ч, амь нас
чухал гэдгийг Засаг даргын хувьд анхааруулмаар байна. Баянхайрхан, Асгат суманд
туулах чадвартай ЗИЛ-166 машин орон нутгийн харьяалалд шилжүүллээ. Хойд талын
дөрвөн сумдын дунд онцгой байдалд ажиллах аймгийн Засаг даргын тамгын газрын
жип машиныг үлдээгээд ирлээ. Мөн хүн бүрийг нэг нэмнээ хийж, малчдад туслахыг
уриалсныг хүмүүс ч сайн хүлээж авч байна.
-Өвс тэжээлийн
хүрэлцээ ямархуу байгаа вэ?
-Сумд болон аймгийн нөөцөд хангалттай өвс тэжээл
бэлтгэсэн. Харин өвөлжилт хүндэрсэн хойд талын дөрвөн сумд нөөц нь барагдаж,
аймгийн нөөц рүү орж байна. Цаашид цас нэмж орох, өвөлжилт хүндэрч байдал
хэвээр үргэлжилвэл энэ сарыг дуустал аймгийн өвс тэжээлийн нөөц хүрэлцэх
тооцоотой байна.
Д.Долгор