Катарын шигшээ нээлтийн тоглолтод ялагдав

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Катарын шигшээ нээлтийн тоглолтод ялагдав

Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Катарын нийслэл Доха хотноо нээлтээ хийлээ. Тэмцээний А хэсэгт багтсан зохион байгуулагч Катар болон Узбекистаны багууд тэмцээнийг нээж, Доха хотын Халифа олон улсын цэнгэлдэхэд тоглосон юм. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Катарын баг тус тоглолтод Узбекистаны шигшээд 2:0 харьцаатай хожигдсон нь олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь сэтгэлийг гонсойлгов. Тоглолтын хоёрдугаар хагаст Одил Ахмедов, Серсев Жепаров нарын гоолын ачаар узбекистанчууд цэнгэлдэхийг дүүргэсэн 40 мянган хөлбөмбөгийн хорхойтнуудын өмнө Катарын багийг буулган авчээ.

Харин өнөөдөр Катарын ногоон талбайд хуваарийн дагуу ердөө ганцхан тоглолт А хэсэгт багтсан Кувейт болон Хятадын шигшээ багийн хооронд болно.

Маргаашнаас эхлэн 19-нийг дуустал өдөр бүр нэг хэсгийн хоёр тоглолт болох бөгөөд 21-нээс шөвгийн наймын тоглолтууд эхэлнэ. Шар тивийн шилдэг 16 багаас Азийн аваргын цомыг нутагтаа авчрах тивийн аварга баг энэ сарын 29-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж