Карлос Сайнс тэргүүллээ бататгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Карлос Сайнс тэргүүллээ бататгалаа

Дакар ралли 2011 уралдааны зургаа дахь гараа өчигдөр Чилийн хойд нутагт орших Икике хотоос Арика хүртэл нийт 721 км зайд боллоо. Аргентин, Чили улсын нутаг дэвсгэрт үргэлжилж буй 32 дахь удаагийн Дакар раллигийн зургаа дахь гараанд суудлын тэрэгний ангилалд Испанийн Карлос Сайнс дөрвөн цаг, 52 минут, 53 секундын амжилтаар түрүүлж, тэргүүллээ бататгасан бол түүнээс ердөө есхөн секундээр хоцорч, Сайнсын адил Volkswagen хөлөглөсөн, Катарын Нассар Аль-Аттияа хоёрдугаарт бариалжээ. Харин мотоциклийн төрөлд KTM багийн тамирчин, Португалийн Рубен Фария нийт замаа таван цаг, 35 минут, 27 секундэд туулснаар зургаа дахь гарааны ялагчаар тодорсон бол түүнээс гурван минут, 54 секундээр хоцорч бариалсан Францын Сайриль Деспре ерөнхий дүнгээр тэргүүлсэн хэвээр байна.

Дакар раллигийн тамирчид өнөөдөр амраад маргааш Арикагаас Антофагаста хүртэл уралдана. Тус гараанд мотоцикль болон дөрвөн дугуйтын төрөлд өрсөлдөж буй тамирчид нийт 839, харин суудлын болон том оврын машины ангилалд өрсөлдөгчид 819 км зайд уралдах юм.

Дакар ралли 2011-ийн ялагч энэ сарын 15-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж