Гадаадад байгаа иргэдээ энэ онд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.08-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа иргэдээ энэ онд бүртгэнэ

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар насанд хүрсэн нэг сая 747 мянга 842 иргэн хамрагдсан  нь нийт бүртгэгдвэл зохих насанд хүрсэн иргэний 90.3 хувь байна. Мөн насанд хүрээгүй 16-аас доош насны 714399 хүүхдийг эх, эцэг асран хамгаалагчийн нэр дээр бүртгэлд хамруулсан нь нийт бүртгэгдвэл зохих хүүхдийн 88.1 хувь нь байна. Шинэчилсэн бүртгэлд 18 аймаг, нийслэлийн дүүрэгт  90-ээс дээш хувьтай явагдаж байна. Тухайлбал Дорноговь аймаг 98.2, Өмнөговь 97.4, Архангай 96.5, Увс 96.0,   Дундговь 95.3, Сүхбаатар 95.1, Орхон 94.9, Говь-Алтай 94.7,  Баянхонгор 94.7, Өмнөговь 94.3, Говь-Сүмбэр 93.6, Булган 92.8, Хөвсгөл 90.4  хувийн өндөр үзүүлэлттэй явагдаж байгаа бол нийслэлд  Багануур дүүрэг 99.1, Чингэлтэй 95.2, Багахангай 93.9, Сонгинохайрхан 92.7, Баянзүрх 91.5, хувьтай  байна.

Одоогоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 16-аас дээш насны нийт  нэг сая 501 мянга 856 иргэн, 16-аас доош насны  705 мянган 245 иргэний мэдээллийг  хүргүүлжээ. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг  таван сарын хугацаанд  21 аймгийн 334 сум,  нийслэлийн есөн дүүргийн 132 хороо, нийт 466 бүртгэлийн нэгжид төлөвлөсөн ёсоор зохион явуулаад байгаа аж. Шинэчилсэн бүртгэл явагдсанаар төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, баталгаажуулах, улмаар иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой юм. Харин энэ онд Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран гадаад улсад амьдарч байгаа иргэнээ бүртгэх ажлыг эхлүүлнэ.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж