
Дөрөвдүгээр сарын гурванд “Walt Disney” компанийн охин компани “Marvel“ “Apple iPad”-ад зориулж цахим комик ном унших үнэгүй програм хангамж үйлдвэрлэснээ зарласан. Тус программийг ашиглан уншигчид Marvel-ын комик номнуудыг нэгийг нь 1.99 ам.доллараар татаж авах боломжтой. Хэрэглэгчид “Apple iPad” дээр хурууныхаа үзүүрээр команд өгөн номтой харьцах болно. “Walt Disnеy” компани “Marvel” компанийг өнгөрсөн жил 4.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан. “Энэ програмыг ашиглан бид уншигчдийнхаа тоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Дунд сургуулийн хүүхдүүдээс гадна коллеж төгссөнөөсөө хойш ном худалдаж авч уншихаа больсон 30-40 насны хүмүүст энэ бүтээгдэхүүн маань таалагдана гэж найдаж байна. “Apple iPad”-тай хамтарч ажилласнаар зах зээлийн хэмжээ ихээхэн өргөжих боломжтой” гэж “Marvel” компанийн гүйцэтгэх захирал Ira Rubenstein ярьж байна.
“Marvel” компанийн гол өрсөлдөгч “Time Warner” компанийн “DC Comics” “iPad”-ад зориулсан программ бүтээж байгаа тухай мэдэгдээгүй. Комик номны борлуулалт 2008 онд АНУ, Канадын зах зээл дээр 715 сая ам.доллар байсан. Японы комик ном нь график дүрслэл өндөртэй бөгөөд хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан байдгаараа илүү өргөн хүрээг хамардаг.
1990-ээд онд АНУ-д комик номны 10 мянга гаруй дэлгүүр байсан бол одоо гурван мянга гаруй дэлгүүр ажиллаж байна гэж Миссисипи Их сургуулиас гаргасан “Комик номны уншигчийн талаар хийсэн судалгаа” судалгааг эрхэлсэн профессор Kent Worcester ярьж байна.
Т.Бадрах