Шинэ
оныг шинэ дуулианаар угтсан ОХУ АНУ болон барууны орнуудаас нэлээд
шүүмжлэл хүртээд байна. Оросын газрын тосны олигархиудын нэг Михайл
Ходорковскийд оны дараахан Москвагийн шүүхээс 13.5 жил хоригдох ял
ноогдуулжээ. М.Ходорковскийг анх 2003 онд баривчилж, 2005 онд шүүхээс
мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, луйвар хийсэн гэх хэргээр есөн
жил хоригдох ял оноосон байна. Харин ялын хугацаа нь дуусгавар болохоос
өмнө хугацааг нь сунгаж нийт 13.5 жил хорихоор болсон. Өөрөөр хэлбэл,
М.Ходорковский 2017 онд буюу Орост сонгууль болсны дараа суллагдах юм.
Шинэ
Орос гэх тодорхойлолтод бүрэн утгаараа хамаардаг М.Ходорковскийн
хувьд эх оронд нь тогтолцоо солигдох үеэс бизнесийн гараагаа эхэлж,
“Менатеп” хөрөнгө оруулалтын банкийг байгуулжээ. 90-ээд оны дундуур
нэлээд олон үйлдвэрийн хувьцаа худалдаж авснаар Оростоо хоёрдугаарт
бичигддэг газрын тосны гигант компани болох “ЮКОС”-ын гол хувьцаа
эзэмшигч болсон байна. Түүнээс хойш “ЮКОС”, М.Ходорковский гэх хоёр нэр
салахаа больжээ. Түүнийг буруутгасан шалтгаан нь мөнгө угааж,
татвараас зайлсхийсэн гэх хэрэгтэй холбоотой хэмээн дээр дурьдсан.
Өмнө нь 2004 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан Оросын тэргүүн баячуудын
жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан М.Ходорковскийг магадгүй
“хэтэрхий баяжсан” хэмээн эрх баригчид буруутгасан гэж үзэх шинжээч
цөөнгүй байна. Нөгөө талаас сөрөг хүчин болох Коммунист болон Яблоко
намын гол санхүүжүүлэгч учраас ирэх сонгууль хүртэл түүний хөрөнгийн
урсгалыг зогсоох гэсэн В.Путины санаархал гэх таамаг ч гарчээ. Магадгүй
ОХУ-ын Ерөнхий сайдын хувьд М.Ходорковский өөрөө “wikileaks” болох ч
байсан юм бил үү. Ямартай ч энэ бүхний цаана улс төрийн дарамт, шахалт
байна гэж үзсэн АНУ, Их Британи, Германы Засгийн газрын тэргүүн нар
шүүмжлэлт байр сууриа нэг бус удаа илэрхийлсэн аж. Тэд хүний эрхийн
асуудлыг ноцтой зөрчсөн дээрх шийдвэрээ зогсоохыг шаардаж байв.
Гэхдээ
энэ чухал биш. Нобелийн шагнал хүртсэн иргэнээ баривчилсан Хятад,
Засгийн газраа эсэргүүцэгчдийг цэргийн хүчээр зогсоосон Энэтхэг гэх
зэрэг дектатур ноёрхсон орнуудын жишиг л Орост үйлчилж байна гэхэд
болох юм. “Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр М.Ходорковскийд дахин ял
оноосон нь ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн улс орноо
модернизацчилах кампанит ажил нь зүгээр л гоёмсог сүржин бөгөөд хоосон
үг болохыг баталлаа гэжээ.
Харин хөрөнгө оруулагчдын хувьд арай
өөр байр суурьтай байна. Тэд газрын тос тэргүүтэй хүнд үйлдвэрийн салбар
дахь “ЮКОС”-ын ноёрхлоос болж Оросын эдийн засаг төдийлөн сайнгүй
байсан гэх аж. Үүний баталгаа мэт М.Ходорковскийг 2003 оны аравдугаар
сард баривчилснаас хойш олигтой өсч өгөхгүй байсан Оросын худалдааны
системийн хувьцааны индекс гурав дахин нэмэгджээ. Гэтэл АНУ-ын Доу
Жонесийн үйлдвэрлэлийн индекс бүхэл бүтэн долоон жилийн турш ердөө 17
хувиар өсч байв. Үүнийг газрын тосны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж
болох ч бизнесийн таатай орчин, компаниудын өрсөлдөх чадварыг
сайжруулсан шинэ боломжтой холбон сөргүүлж байжээ.
Харин энэ
удаад М.Ходорковскийн ялыг сунгасан явдал Оросын бизнесийн орчинг тун
таагүй үзүүлэлттэй гарахад хүргэж байна. Д.Медведев өнгөрсөн сард
бизнесийн салбар дахь томоохон төлөөлөгчидтэйгээ уулзах үед тус улс
дахь хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөл бүрдэхгүй байгааг
онцолжээ. Ямартай ч М.Ходорковскийн шүүх хурал болох үеэр түүнийг
дэмжиж, суллахыг шаардсан иргэдийн жагсаал болсон юм.
Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин