
Бид яагаад заавал архиар бүх зүйлийг хэмжиж, , архитай хамт жаргал зовлонгоо хуваалцах ёстой юм бэ?
Яг одооноос эхэлж, энэ зуршил дадлаасаа салъя. Болохгүй юм гэж байхгүй. Зөвхөн та бидний сэтгэлийн тэнхээ, ухамсарт оюунаас л шалтгаална.
Та хэдэн арван жил уулзаагүй найз тань тан дээр ирвэл архиар биш сайхан хоол цайгаар дайлж, гэртээ өдөржин шөнөжин буу халж, сонирхолтой тоглоом тоглож болно. Мөн та төрийн дээд одон медаль авахдаа ч, төрсөн аав, ээж, амраг хайртаасаа салсан ч архийг мартаж, өөр зүйлд сатаарах гээд үз. Болохгүй зүйл байхгүй ээ. Тэр амтат рашаан, хүндэт идээг зооглосноос болж, гар дахиа бүгдийг бусдад өгчихөөд амаа барихаас өөр аргагүй байдалд ордог жишээ ч танд тохиолдсон байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Юу ч болсон ямар ч сайхан муухай, зовлон гуниг тохиолдсон сархадыг биш сайн нөхөр, сайхан орчинг сонгож яагаад болохгүй гэж.
Архинаас татгалзахын сайхан, татгалзсаны сайханыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагаар дамжуулан нийтэд сурталчилж, нийтээр хүлээн зөвшөөрөх оюуны их өөрчлөлтийг хийцгээе л дээ. Яагаад болохгүй гэж. Энэ санааг эсэргүүцэх хүн нэг их олноор гарахгүй байх гэдэгт итгэж байна. Хэдхэн хоногийн өмнө улсын маань ерөнхийлөгч согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж, шинэ оны эхний хундгаа цагаан сүүгээр мялааж, олон түмнээ сархадаас татгалзахыг уриалсан шүү дээ. Сайхан л санаа. Дэмжиж байнаа.
Айл гэр бүхэн архи хэрэглэхийг үе удмаараа эсэргүүцдэг, аливаа бүхний эхлэл, баяр жаргалын эхэнд цагаан сүүгээр дээжилдэг зан үйлд суралцвал бидний ирээдүй, улсын маань хөгжилд дээд амжилт биш юмаа гэхэд бахархан дуурайх үнэт зүйлтэй болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар манай улсын нийт хүн амын 13,6 хувь нь архинд донтох эмгэгтэй. Үүнээс 35 хүртэлх насны эрэгтэйчүүдийн 51,2 хувь, энэ насны эмэгтэйчүүдийн 8 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг ажээ. Мөн сүүлийн таван жилд архины хордлогын оношоор нас барсан хүн 1005 тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 10 жилд архинд донтох өвчтэй хүний тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгааны дүн гарчээ. Харамсмаар ийм тоо баримт дурдсаны учир нь архинаас л татгалзъя гэж уриалаад байгаа юм шүү дээ. Муу л бол захын хар овоохой гэдэг шиг архинаас боллоо гэж алдаагаа хэрэглэх дуртай ундаа руугаа чихэхгүй, тийм шаардлага ч гарахгүй шүү дээ.
Цаашилбал элдэв хэрэг төвөгт орохгүй, муу муухай бүхнээс ангид амьдрахын жаргал, утга учрыг жинхэнээр нь эдлэх боломжтой болно. Ингээд тоочоод байвал сархадаас татгалзсанаар сайн бүхний үүд нээгдэнэ.
Хүн болж иснийх, бахархмаар сайхан монгол заяанд төрснийх хэдүүлээ замдаа саад болоод байгаа архи хэмээх “зэвүүн” идээнээс татгалзъя л даа.
Ганц сайхан зуу татъя гэхийн оронд нэг сайхан хоол хийж идье гэж сурвал ямар сайхан бэ? Шинэ оны эхний хундгыг өргөхдөө сүүг дээдэлсэн төрийн тэргүүнийхээ ийм сайхан, самсаа шархирмаар уриалгыг дэмжээд хундагандаа архи биш, сүү, эсвэл сайхан монгол цайгаар амжилтаа, алдаагаа, аз жаргалаа, баяр гунигаа тамгалцгаая.