Индонез иргэдээ халуун чинжүү тариалахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Индонез иргэдээ халуун чинжүү тариалахыг уриалжээ

Өнгөрсөн оноос хойш Индонез улсад нүүрлээд байгаа үнийн хэт өсөлттэй тэмцэхийн тулд ард иргэд дор бүртээ халуун чинжүү тариалахыг тус улсын Ерөнхийлөгч Сусило Юдоёона Бамбанг уриалжээ.  Харин Худалдааны яамны сайд Мэри Элка Пангэсту өөрийн гэртээ аль хэдийн халуун чинжүүний 200 ширхэг үрийг суулгасан тухайгаа мэдэгдсэн байна. 

Энэ уриалгын хүрээнд тус улсын Хөдөө аж ахуйн яам иргэдэд халуун чинжүүг хэрхэн ургуулах, арчлах тухай аргачлалыг зааж, таниулах ажлыг зохион байгуулж, айл өрхүүдэд өөрсдийн гэрийн талбайд хэрэглээнийхээ халуун чинжүүг тариалахыг уриалж байгаа тухай Худалдааны яамны сайд пүрэв гаригт мэдэгджээ. Түүнчлэн тус улс 100,000 өрхөд үнэгүй халуун чинжүүний үр суулгацыг тараах үндэсний кампанит ажлыг эхлүүлэх гэж байгаа юм.

Өнгөрсөн жил болсон цаг агаарын бэрхшээл, гамшгаас болж Индонезид халуун чинжүүний хомсдол нүүрлэж, одоогийн байдлаар нэг кг халуун чинжүү 100,000 руви буюу 7 фунт стерлинг хүрч, үнэ нь 5 дахин өссөн байна.

НҮБ-ын мэдэгдэлд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ 80 гаруй хувиар өссөн бөгөөд өсөлтийн хурд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хамгийн идэвхитэй байжээ.  Үнийн огцом өсөлтийн улмаас дэлхийн нэлээдгүй олон улсад эсэргүүцлийн жагсаал, бослого үймээн гарч байгаа ба цаашид ч үнэ өсөх төлөвтэй байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж