Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жилийн хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахлана. Үндэсний хороонд Засгийн газрын нэр бүхий гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч нар багтжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 70.0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болсон байна. Хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг нэр бүхий сайд нарт даалгалаа. Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар боллоо. Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэх юм. “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллана. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажлаа Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байхаар боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж