Азарга адуу буудсан гэх мэдээлэл худал байжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Азарга адуу буудсан гэх мэдээлэл худал байжээ

Малын хулгайчид улаан цагаандаа гарч, өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин Мөнхөөгийн бэлчээрт явсан 20 гаруй тооны азарга адууг буудаж, ачаад явсан гэх мэдээлэл байгаа ч, орон нутгаас энэхүү мэдээллийг үгүйсгэсээр байна. Говь-алтай аймгийн Дарви сумын Засаг дарга М.Ганбаатараас дээрх хэргийн талаар болон өвөлжилтийн байдлаар тодруулж асуулаа.

-Дарви сумын хувьд өвөлжилт ямархуу байгаа вэ?

-Сумын хэмжээнд өвөлжилт харьцангуй гайгүй, цасны зузаан 10-15 см байна. Одоогоор өвөлжилт хүндэрсэн баг алга. Өнгөрсөн намар Ховдоос дөрвөн мянган тонн байгалийн хадлан бэлтгэн сумын нөөцөд бэлтгэсэн байгаа. Нийтдээ 87 мянган толгой мал Дарви сумын нутагт өвөлжиж байна. Харин сумын төвийн халаалт дулааны хувьд өнгөрсөн намар Ховд аймгийн нэгдсэн цахилгаан эрчим хүчинд холбогдсноор ямар ч асуудалгүй хэвийн хэмжээнд явагдаж байгаа гэж хэлж болно.

-Орон нутгаар хүүхдүүд ханиад томуу тусах нь элбэг бололтой. Танай сумын сургууль, цэцэрлэгийн хувьд ямар байгаа вэ?

-Дэгдэлтийн хувьд их биш ч, нэг хоёроо өвдсөн тохиолдол байгаа л байх.

-Сүүлийн өдрүүдэд танай сумын нэгэн малчны бэлчээрт явсан хорь гаруй тооны азарга адууг газар дээр нь буудаж, алаад, ачаад явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?

-Ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Хаанаас хэний өгсөн мэдээллээр, хэн гаргасан болохыг сайн мэдэхгүй байна. Манай сумын мэдээлэл өгсөн гэх Мөнхөөг энэ сарын 5-нд өрөөндөө ямар учиртай мэдээлэл, хаанаас хэнд өгсөн бэ гэж асуусан. Мөнхөө “Өнгөрсөн долоо хоногт нэг азарга адуу маань алга болсон ч, удалгүй олсон. Нэг гүү л ор сураггүй алга болсон байналээ. Ямар ч хүнд тийм мэдээлэл би өөрөө өгөөгүй” гэж байсан.

-Яагаад ийм мэдээлэл гарсан юм бол, өөрт чинь сэжиг таамаг байна уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын албаны хүмүүс над руу утасдаж асуусан. Бодит бус энэхүү мэдээллийг дамжуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж хэлэхэд хийж буй, хэлж үгнийхээ үнэ цэнэ, утга учрыг сайтар ухамсарлаж байгаач гэж хэлмээр байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж