Ажлын хэсэг 11-ний дотор асуудлыг оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг 11-ний дотор асуудлыг оруулж ирнэ

Парламентын сэтгүүлчдийн ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилж байна. Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нар багтаад байна. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

 -Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж та Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Улмаар ажлын хэсэг байгуулаад байна. Асуудлыг тодруулахгүй юу. Энэ нь сэтгүүлчдийг бага зэрэг тайвшруулж, цаг хугацаа авах гэсэн оролдлого биш биз?

-УИХ-ын дэгийн хууль УИХ доторх дотоод асуудлыг зохицуулж байдаг хуулийн нэг. Хоёр жил шахам ярьж, хэсэг өөрчлөлтүүдийг оруулсан. Гэвч байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжсэн нь шүүмжлэл дагуулж байна. Байнгын хорооны хуралдаан үндсэндээ нээлттэй явагдана. Нээлттэй хаалттай гэдгийг сурвалжлагч сууж байсан уу, үгүй юу гэдгээр биш, угаасаа асуудал бүхэлдээ нийтэд гарч байгаа шийдвэр материалуудыг үзэх боломжтой юу гэдэг том хүрээгээр хэмжих ёстой. Тийм ч учраас сурвалжлагч нартай холбоотой гишүүдийн оруулсан заалтыг дахиж нягталж үзэж байна. Ерөнхийлөгчтэй энэ асуудлыг ярилцсан, УИХ өөрийнхөө хуульд өөрчлөлт оруулдаг механизмуудаа ашиглаж асуудлыг авч үзвэл яасан юм бэ гэсэн санал хэлсэн, түүнийг би хувьдаа зөвшөөрч байгаа. УИХ-ын гишүүдээс зарим нь “Хатуудчихлаа, хуучнаасаа ухарсан хэрэг болж байгаа юм биш үү” гэсэн асуудал бас тавьж байгаа юм билээ. Тэгэхээр гишүүд өөрсдөө хуулиа санаачлах ёстой. Түүнээс гишүүд “Буруу юм болчихлоо” гээд явах нь зохисгүй. Ард түмэн УИХ-ын гишүүдэд өөрт нь хууль санаачлах эрх олгочихсон. Өнөөдрийн хувьд гишүүдээс энэ хуулийг өөрчлөх хуулийн төсөл оруулж ирээгүй байна. Нөхцөл байдлыг харгалзаж үзээд, би ажлын хэсэг байгуулсан. Асуудлыг нэлээн сайн авч үзэх хүмүүсийг ажлын хэсэгт оруулсан. Тэдгээрээс З.Алтай гишүүнийг зориуд оруулсан. Өөрт нь ч хэлсэн, хэвлэл мэдээллээр ярих биш, хуулийн ганц хоёр заалттай холбоотой асуудлаа өргөн мэдүүлэх ёстой гэж хэлсэн.

-Гэхдээ ажлын хэсэгт орсон З.Алтай гишүүнээс бусад нь байнгын хорооны хуралдааныг хаалттай болгохыг дэмжиж байгаа. Энэ тохиолдолд асуудлыг нааштай шийдвэрлэх шийдвэр ажлыг хэсгээс гарч чадах уу?

-Тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Өөрийн чинь хэлснийг бодолцъё.

-Ажлын хэсэг байгуулчихлаа. Шийдвэрийг хүлээнэ гэж байна. Хэдий хугацаанд асуудлыг шийдвэрлэх вэ?

-Захирамжид би тодорхой хугацаа заасан. Нэгдүгээр сарын 11-ний дотор багтаагаад асуудлыг оруулаад ир гэж… Түүнд тодорхой санал боловсруулаад оруулаад ир гэсэн. Тодорхой санал гэдэг нь хуулийн төсөл,  санал байна гээд аваад ирэх бололцоотой. Харин 11-н гэж хугацаа заасан нь ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригт болдог байнгын хорооны хуралдаанаас өмнө асуудлыг боловсруулахыг чухалчилсан юм. Гэхдээ хуулийнхаа санаачлагын хүрээнд ингэж заалтаа өөрчил гэдэг ч юм уу, заах арга байхгүй. УИХ-ын дэгийн хууль газар,  газраас санал аваад байх хууль биш, дотоод журмын хууль. Засгийн газрын ч санал авдаггүй. Бусад хуульд Засгийн газрын болоод бусад газрын санал авдаг. Тийм болохоор УИХын дэгийн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл амархан шийдэх процедур шүү дээ.

-Ерөнхийлөгчтэй уулзахдаа энэ асуудлыг тохиролцсон гэж байгаа. Ямар аргаар шийдвэрлье гэж ярилцсан юм бэ.

-УИХ-ын гишүүд санаачлаад явж болж байна, Ерөнхийлөгч хориг тавьж болно, Үндсэн хуулийн цэцэд хандаж болно. Хууль тогтоох үйл ажиллагааны жирийн процесс. Тэр процессынхоо замаар л явна гэж Ерөнхийлөгчтэй ярьсан.

-Гэхдээ байнгын хорооны хуралдааныг хаалттай болгосон нь гишүүд популизм хийдэгтэй холбоотой гэж тайлбарлаад байгаа. Гишүүдийн өөрсдийнх нь хариуцлагын асуудал хөндөгдөх ёстой байтал яагаад заавал хэвлэлийн эрх чөлөөнд халдсан юм бэ?

-Байнгын хорооны хуралдаанд гишүүд популизм хийнэ гэдэг бол амьдрал дээр байдаг л асуудал.  Бид ч мэдэж байгаа, та нар ч мэддээг. Телевиз харахаараа гишүүд өөрөөр ярьж хэлэлцэж байгаа асуудлаасаа хальдаг. Энэ нь хэвлэлийнхэн та бүхэнтэй холбоотой асуудал биш л дээ.

-Тэгвэл яагаад сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд оруулахгүй байх ёстой гэж?

-Тэр талын өрөөсгөл байж болно.

-Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх, сэтгүүлчдэд шалгуур тавина гэсэн энэ хоёр заалт хуулийн төсөлд байсныг гишүүд мэдээгүй гэж олонх нь тайлбарлаад байгаа. Төсөлд хэзээ ийм заалт оруулчихав?

-Хоёр заалт нэлээд сүүлд орсон юм билээ.

-Хэлэлцүүлгийн шатанд огт яриагүй шүү дээ?

-Маргаан дэгдсэний дараа Тамгын газраас энэ асуудлыг судлаад аваад ир гээд үзсэн. Ажлын хэсэг, байнгын хорооны хуралдааны үед  материал тараасан байсан. Гишүүд энэ асуудлыг сөхөж яриагүй л болохоос биш.

-З.Алтай гишүүн энэ асуудлыг эсэргүүцээд цөөнх болсон гэсэн?

-Цөөнх саналаа чуулган дээр яриагүй шүү дээ.

-Парламентыг сурвалжлах сэтгүүлчийг ажилласан жилээс нь хамаарч, эрх олгоно гэсэн нь хүний эрхийг зөрчиж байна гэж төрийн бус байгууллагууд үзэж байгаа.  Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

-Ажлын хэсгийг энэ асуудлаас болж, байгуулахад хүрсэн. Байнгын хорооны хуралдаан нээлттэй, хаалттай гэдэг маргаан өөр асуудал. Хүнийг нас,  хүйс мэргэжлээр нь ялгаварлахгүй гэдэг Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж магадгүй гэж үзсэн. Хуульд парламент сурвалжлах сэтгүүлчийг сонгохдоо мэргэжилтэй, туршлагатай гэсэн байна лээ. Туршлага нь Үндсэн хуульд хамаарахгүй, харин ажил мэргэжил, нас хүйсээр ялгаварлахгүй гэсэн нь Үндсэн хуулийн заалттай харшилсан утга санаа явж байгаа учраас ажлын хэсгийнхэнд эргэж хараарай гэсэн. Төсөл санаачлагчдын хувьд гадаад орнуудын парламентын туршлагыг харж ийм заалт оруулсан гэж байгаа. Парламентыг сурталчилна гэдэг туршлага хардаг зүйл байдаг юм байна, гэхдээ манайд томъёоллууд буруу орсон. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллагад тавих шаардлагадаа ур чадварыг харгалзаж боломжийн хүн оруулаарай гэдэг ерөнхий шаардлага тавьж болох байтал шууд утгаар нь шалгуур болгоод тавьчихсанаасаа болоод эвгүй болчихлоо.

-Байнгын хорооны хуралдаан хаалттай болсноос хойш гишүүд назгайрч идэвхгүй боллоо. Зарим байнгын хорооны хуралдаан гурван удаа хойшлоод байна? 

-Байнгын хорооны хуралдаанд гишүүдийг идэвхтэй оролцуулах асуудлыг ярьж байна. Өнөөдөр үдээс хойш ажлын хэсгүүд хуралдана. Ажлын хэсгийн хуралдаан байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд удааширснаар чуулганаар хэлэлцэх асуудалд нөлөөлж эхэлдэг. Асуудлыг чанартай хэлэлцэж, сайн гаргаж байхгүй бол асуудал үүсгэж байна шүү гэдгийг ч хэлсэн.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж