Цэл залуу бизнесмэнүүд

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Цэл залуу бизнесмэнүүд

Монголын дээдсийн хүрээлэнгийнхэн гэгдэх нийгмийн давхарга хэдийнэ манайд бий болжээ. Улс төр, бизнесийн салбарт өөрсдийн бүтээсэн хөдөлмөр, алсыг харж хөдөлсөн ажил хэрэг гээд олон шалгуур, давааны ард гарсны эцэст тэдний үр хүүхдүүд өдгөө олны танил аав, ээжийнхээ адилаар олны нүдэн дээр амьдрал нь үргэлжилдэг болж. Мэдээж, тэдний өмсч зүүснээс эхлээд сурч байгаа сургууль, унадаг машин, үерхдэг найз залуу гээд хувийн амьдралынх нь тухай нууцлахыг хүсдэг бүхэн нь олны анхаарлыг татдаг болжээ. Яагаад сонирхож болохгүй гэж..?

“ГОК”-ийн Ч.Ганзоригийн хүү

Үйлдвэр худалдааны сайд явсан “ГОК”-ийн захирал Ч.Ганзоригийн хүү яахын
аргагүй олны танил бизнесмэнээр нэрлэгдэх болжээ. Аав нь аварга том
“Эрдэнэт”-ийг, хүү нь хүн бүрийн хүртэж, ойртохыг хүсч байгаа “Эрдэнэс
МГЛ”-д удирдах ажил хийнэ гэдэг бас л ховор тохиолдол. Мэдлэгтэй бол
мэдлэгтэй, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй энэ залуу бас л аавынхаа адил
хурдан морь сонирхдог нь хачирхмаар. Шинэ цагийн бизнесмэнүүдийн
тэргүүнд нь ямаа овжин залуугийн эхнэр нь бас бизнесийн гэр бүлээс
төрсөн бүсгүй байдаг. Түүнийг С.Энхзул гэх бөгөөд “Ханбүргэдэй” хэмээх
Монголын анхны брэнд дэлгүүрийн охин гэдгээр хүмүүс илүү таньдаг байж
болох юм.

М.Энхсайханы охин Э.Хонгорзул

М.Энхсайхан улстөрийн хүрээний яахын аргагүй том дүр. Сайн, муу элдвээрээ хэлүүлсэн энэ эрхмийн хувьд олны зүгээс ирэх магтаал, зэмлэлийн аль алинд нь дөчирж гүйцсэн байх. Гэхдээ улстөрч М.Энхсайханд зайлшгүй хэлэх нэг магтаал нь үр хүүхдийнхээ мэдлэг боловсрол, хүмүүжилд оруулсан хөрөнгө оруулалт юм. Түүний охин Э.Хонгорзулыг топ модель Э.Одгэрэлтэй тун адилхан гээд төсөөлчихөд хэр царайлаг болохыг нь та гадарлаж болох юм. Бусад улстөрч, бизнесмэнүүдийн эрх танхи гүнж нараас ялгаатай нь Э.Хонгорзул зарчимч, боловсролтой, бас элдэв маяггүй, төлөв даруу хувцаслалттай сонгодог эмэгтэй. Ерөнхий сайд асан М.Энхсайханы хайртай охин эдүгээ “Оюутолгой”-д хариуцлагатай алба хашиж байна.

“Гацуурт”-ын Л.Чинбатын охин Номин

“Гацуурт”-ын Л.Чинбат… Уул уурхай, газар тариалан, хоол хүнс, зочид буудал, хэвлэл мэдээлэл гээд байхгүй юмгүй энэ эрхэм Монголын бизнесийн ертөнцөд богинохон хугацаанд цахиур хагалан гарч ирсэн шиг түүний охин, хүргэн гээд үр хүүхдүүд нь ч бас олны “танилчууд”-ын эгнээг эрчимтэй тэлж байна. “Гацуурт” компанийн ирээдүйн удирдагч гэгдэх Ч.Номин хар багаасаа үерхсэн найз залуутайгаа гэрлэж, АНУ-д хамтдаа суралцаад ирсэн гэдэг. Сургууль соёлоо төгсч, аав, ээжийнхээ дэргэд ирж суурьшаад хэдхэн жилийн нүүр үзэж байгаа ч өдгөө өөрөө “Тэрэлж” дэх тансаг харшдаа Монголын баячуудыг цуглуулдаг болж, түүний нөхөр Бат-Эрдэнэ гэгч өндөр бор залуу чөлөөт бөхийн генсекийн ажлаар спортод гэнэт хөл тавьсан юм. Монголын хамгийн тансаг, өндөр зэрэглэлийн зочид буудалд тооцогддог “Тэрэлж” таван одтой зочид буудлаа гардан удирдаж байгаа Ч.Номинг үеийнхэн нь байтугай аав, ээжийнх үеийн бизнесмэнүүд ирээдүйн чамгүй сайн бизнесмэнүүдийн нэг гэдэг юм билээ. Алтны боссын охин гэсэндээ хүзүүгээ харагдахгүй болтлоо шахам алтан гинж, зүүсгэл зүүж, залуу насанд арай л ахадсан “гоёл” сонгон олны өмнө гангарснаараа хэл амны бай болж байснаас бус бусдаар бол энэ бүсгүйд өөлөх зүйл бага байдаг бололтой. /Гэрэл зургийн зохиогчийн эрх: "Соронз" сэтгүүл/

“Dior”-ын залгамжлагч Дэлгэр

Dior, Dior, Dior…Монголд дэлхийд алдартай энэ брэндийг танил болгож, бүсгүйчүүдийг тансаг хэрэглээнд суралцуулсан эрхэм хатагтайг Ц.Батчулуун гэдэг. Хөдөлмөрч, бизнесмэн ээжийн хайртай хүүг харин Дэлгэр гэдэг. Харин түүний нэрийг мэдэхгүй шахам хүмүүс дуурийн дуучин Ө.Уянгатай нэр холбогдож байснаар нь сураг мэддэг. Францад боловсрол эзэмшсэн нь ч нөлөөлдөг байх, ээж нь балетийн бүжигчин, урлагийн хүн болохоор ч тэгсэн үү нэг л өдөр Дэлгэр олны танил болж, од болж эхлээд байсан дуурийн дуучин Ө.Уянга гэх бүсгүйтэй нэр холбогдсон юм. Хар багаасаа урлагт хайртай өссөн Дэлгэр бүр хөгжмийн удирдаач болно гэж боддог байсан тухай хэвлэлд гарсан байдаг. Хэдийгээр дуурийн театраас салдаггүй “Dior”-ын өв залгамжлагч болон дуучин Ө.Уянга нарыг болзоот хосууд гэдэг ч өдий болтол тэдний хэн хэн нь нэг гэрт орж, хамтын амьдрал зохиосон гэж ярьсангүй.

Хамгийн баян өв залгамжлагч

“Монголын алт” компанийн эзэн Б.Нямтайширын охин Цэлмүүн Монголын хамгийн баян өв залгамжлагчаар тодроод байгаа. Б.Нямтайшир охиндоо компанийнхаа 68 хувийн албан ёсоор өвлүүлсэн нь багагүй шуугиан тарьж байв. Өөлөх өөгүй, бүтгэр алаг нүдтэй, ухаалаг энэ бүсгүй бас л мэдлэг боловсролтой гүнжүүдийн нэгд тооцогдоно.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж