Тунгалагийн хөвгүүд аав дээрээ очжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тунгалагийн хөвгүүд аав дээрээ очжээ

Энэ мэдээ “гайхал” Алтантүрүүтэй холбоотой. Энэ сэтгүүлч залуу л Тунгалаг бүсгүйг олж, түүнийг монголчуудын танил, бас сэтгэлийн хөндүүр дэх “шарх” болгосон юм. “Танайд хоноё” нэвтрүүлгийн амьд дүр болж үлдсэн Тунгалаг бүсгүйн тухай олныг ярих шаардлагагүй байх, олонх маань сайн санаж байгаа. Харин түүнийг санан дурсч байгаа олон хүнд яг ижилхэн нэг асуулт байдаг нь “Хоёр хүү нь хаана байгаа бол?” гэдэг асуулт.

Бүсгүй хоёр хүүгээ эцэгт нь биш, дүү нартаа  ч биш, асрамжийн газар үлдээнэ гэж ярьж байсныг санаж байна. Нээрээ ингэхэд хөвгүүд нь одоо хаана хэний гар дээр байгаа бол? Энэ асуултад сэтгүүлч Алтантүрүү саяхан SBN телевизийн ярилцлагад орох үеэрээ хариулсан юм. Тунгалаг бүсгүйн хоёр хүү одоо аав дээрээ амьдарч байгаа төдийгүй Алтантүрүү тэдэнтэй уулзаж ярилцжээ.

Аав нь хөвгүүдээ сайн харж, хүний зэрэгтэй хүн болгоно гэж Алтантүрүүд ярьсан гэсэн. Гэхдээ яриа цаашаа яаж үргэлжилснийг мэдэхгүй.

Алтантүрүүгийн уригдсан нэвтрүүлэг баярын уур амьсгалтай байсан учраас тийм хөндүүр сэдэв рүү орох зохимжгүй гэж үзсэн ч юм уу, хөтлөгчид нь түүний яриаг тасалж орхисон юм. Тунгалагийн хөвгүүд аав дээрээ яаж аж төрж байгааг, эцэг хүн юу бодож явааг Алтантүрүүгийн амнаас сонсмоор л санагдсан шүү.

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж