Үйлчилгээний төв бариулсангүй гэж шүүхджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний төв бариулсангүй гэж шүүхджээ

Хүүхдийн тоглоомын талбайд үйлчилгээний төв бариулсангүй гэж шүүхджээ

Өвөг дээдс маань бидэнд өргөн уудам нутгийг харамгүй үлдээсэн. Гэтэл 
алга дарам газрыг хойч үеийнхнээс харамладаг болжээ. Хүүхдүүдтэйгээ
тоглоомын талбайг булаалцалдаж, болохгүй болохоор нь шүүх цагдаагаар
далайлгах томчуудын томоогүйтэл хэрээс хэтэрсэн байх юм. Нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны 32, 33 байрны дунд буй хүүхдийн
талбай дээр М.Алгирмаа гэгч үйлчилгээний төв барихаар зэхжээ. Үүнийг нь
тухайн байрны оршин суугчид эсэргүүцтэл “Би энд барилга барих эрхтэй”
хэмээн хамгаалалтын алба хөлсөлж барилгын ажил эхлүүлсэн гэнэ. Ингэснээр
оршин суугчид “Амьдран суугаа газартаа эзэн нь байх” хөдөлгөөн өрнүүлж,
оршин суугчдын санаачилгаар барилгын суурь тавихаар ухсан газрыг
өөрсдөө мөнгө гаргаж шороогоор булсан байна. Гэтэл М.Алгирмаа
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандан “Оршин суугчдын эсэргүүцлийг
зохион байгуулсан” хэмээн 33 дугаар байрны оршин суугч
Ш.Отгон-Өлзийгөөс  таван сая орчим төгрөг нэхэмжилсэн байна. Ийм асуудал
үүсэх болсон шалтгааныг тодруулахад, 2004 оны нийслэлийн Засаг даргын
63 дугаар тоот захирамжаар тухайн газрыг эзэмших эрхийг “Аду инвестмен”
компанид олгожээ. Гэвч тус компани нь 2008 оныг хүртэл ашиглаагүй байсан
тул газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох учиртай байжээ. Тодруулбал,
газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.6-д заасны дагуу буюу
/Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн
газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших гэрчилгээг
хүчингүй болгоно/ гэж заасан байдаг. Гэтэл нийслэлийн Иргэдийн хурлын
дарга Т.Билэгт нийслэлийн Засаг дарга байх үедээ буюу 2008 оны
наймдугаар сарын 25-нд 379 тоот захирамжаар “Аду инвестмен” компанийн
газар эзэмших эрхийг нь иргэн М.Алгирмаад шилжүүлсэн аж. Тэрбээр нь энэ
газрын зөвшөөрлийг авахдаа “Энэ талбай дээр цэцэрлэг барина” гэсэн
байдаг гэнэ. Гэтэл барилгаа барьж эхлэхдээ үйлчилгээний төв болон
хувирсан байна. Ийм байдлаар хууль зөрчиж байгаа нь улс төр жижүүрээс
дарга хүртэл сүлжээнд орж цус ойртсон болохын илрэл гэнэ. Учир нь
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон энэ хорооноос УИХ-д нэр
дэвшсэн гишүүд дээрх газрын маргааныг бүгд мэддэг боловч одоог хүртэл
тодорхой хариу ирүүлэхгүй байгаа нь М.Алгирмаагийн ард МАН-ын томоохон
төлөөлөл байгааг харуулж оршин суугчид хэлж байсан. Тус хорооны ИТХ-ын
дарга Д.Жамъянсүрэн “М.Алгирмаа “Энэ хороонд хүүхэд олонтой. Тиймээс
цэцэрлэг барих шаардлагатай гэж газар эзэмших зөвшөөрөл авсан байдаг.
Гэхдээ энэ зөвшөөрлийг шууд өгөөгүй юм билээ. Дээрх барилгыг барихдаа
тухайн хорооны оршин суугчидтай тохиролцсоны эцэст барина гэж заасан
байгаа. Гэтэл оршин суугчидтай ярилцахгүйгээр барилгын ажлыг эхэлсэн. 
Түүнээс гадна цэцэрлэг барина гэж авчихаад зургаан давхар үйлчилгээний
төв барихаар барилгын зургийн төсөл гаргасан байсан. Гэтэл энэ хороололд
суудаг иргэд машины гараашгүй. Тэдэнд хүүхдийн талбай дээр гараш барих
эрх өгөхгүй. Гэтэл нэг хүний ашгийг бодоод үйлчилгээний төв барих гээд
байж байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэнгүүдтэй холбоотой хүмүүс ингэж
дураараа загнаж байна” гэсэн юм. Харин тус хорооны 33 дугаар байрны
оршин суугч В.Дуламжав “Манай энд хүүхдийн цэцэрлэг  барих шаардлагагүй.
118, 119 дүгээр цэцэрлэг байрны ард ойрхон байдаг. Хэрэв хүүхдүүдэд
үнэхээр хэрэгтэй байгаа бол хотын захын дүүргүүдэд барих хэрэгтэй. Энэ
хороололд нийт 2000 гаруй хүүхэд, өндөр настнууд байна. Тэдний чөлөөт
цагаа өнгөрөөдөг газар энэ талбай юм. Гэтэл үүнийг булаацалдаад байгаа.
Хэн ч харсан хууль бус л зүйл байгаа биз дээ. Явган хүний замтай байсан.
Гэтэл барилга барих гэж байна гээд явган хүнийг замыг хуулаад авчихсан”
хэмээн гомдоллож байлаа. Түүнчлэн барилга барихаар зэхээд байгаа
талбайд дулаан, цахилгааны шугам байрладаг юм байна. Хэрэв тус барилга
баригдвал 32, 33 байрны оршин суугчид цахилгаан, усгүй болоход хүрээд
байгаа юм.

Д.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж