Гамшиг болж байгаа юм биш үү

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Гамшиг болж байгаа юм биш үү

Өвөрхангай, Завхан, Булганд гамшиг болж байгаа юм биш үү

Өнгөрсөн үхэр жилийн төгсгөл бар
жилийн эхэнд нүүрлэсэн зудын гамшгаас малчдын сэтгэлд үлдсэн толбо өнөө
хэр арилаагүй байна.  Бар жилийн  хаврын цас зудны гашуун сургамж,
хохирол харуусал замхарч амжаагүй байтал өнөө жил энэ байдал давтагдаж
магадгүй шинжиндээ оржээ. Өвөлжилтийн байдал орон нутагт ямар байгаа
талаар бид сурвалжилсан юм. Эхлээд ХХААХҮЯ-ныхнаас аль аймагт өвөлжилт
хүндэрч байгаа талаар тодрууллаа. 

Тус яамны  Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
мэргэжилтнүүдийн мэдээлж  буйгаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувь
нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын
тоонд Өвөрхангай, Завхан, Булган орж байгаа аж. Энэ хоёр аймгаас яаманд
хүсэлт гаргасан байна. Эдгээр аймгийн хувьд цас их орсон учраас зам,
даваа боогдсон өвс тэжээлээ татаж чадахгүй байгаа ажээ. Өвс тэжээлээ
татахад  шатахуун их орж байгаа гэнэ. Тиймээс энэ талаар тусламж
үзүүлэхийг хүссэн байна. Харин бид  дээрх аймгууд болон бусад газарт
өвөлжилт ямар байгаа талаар утсаар лавлалаа.

Өвөрхангай аймгийн хангайн сумдад мал бэлчээрт гарах боломжгүй байна    

Эхлээд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга
Т.Энхбаатараас цаг үеийн байдлыг тодрууллаа. Өнгөрсөн сарын 28 болон энэ
сарын 1-3-ны хооронд үргэлжлэн орсон цасанд зам даваа боогдсон гэнэ.
Мөн  аймгийн хойд талын сумд болох Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд,
Есөнзүйл Өлзийт сумын хувьд өвөлжилт хүндэрч мал бэлчээрт гарах
боломжгүй болсон байна. Тэрбээр “Одоогоор мал хорогдсон гэх мэдээ манайд
ирээгүй байгаа. Өнгөрсөн жилийн зуднаас малчид сургамж авч өвөлжилтийн
бэлтгэлээ сайн базаасан учир одоогоор өвс тэжээлийн тусламж авах болон
хүссэн сум байхгүй” гэсэн юм. Зам давааны хувьд Бат-Өлзий, Хужирт,
Хархорин сум хүрэх зам даваа бүгд хаагдсан. Одоогоор эдгээр зам давааг
нээгээгүй байгаа хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа бөгөөд дээрх сум руу
очихын тулд өөр сумдын нутгаар тойрч явж  байгааг дуулгалаа. Өнгөрсөн
цаснаар 20 гаруй машинтай 80 орчим иргэн төөрсөн болон цасанд машин нь
суусан, түлш нь дууссан гэх мэтээр дуудлага өгч аврах арга хэмжээ
явуулсан. Харин Хужирт суманд хоёр иргэн машин нь эвдэрснээс болж осгож
амь үрэгдсэн гэсэн мэдээлэл өглөө.

Хархоринд засмал зам дээр машин цасанд сууж байна

Үүний дагуу Хархорин, Хужирт, Бүрд  суманд ажиллаж байгаа аймгийн ИТХ-ын
дарга Ш.Доржсүрэнгээс газар дээрх байдлын талаар тодрууллаа. Тэрбээр
“Газар дээр байдал маш хүнд байна. Тал газраа 20-50 см, ууландаа 70-80
см цастай байгаа. Аймгийн төвөөс Хужирт сум ороход 90 км байдаг ч тойруу
замаар 350 км явж байж тус суманд хүрч байгаа.  Зам даваа маш их цастай
байна. Цас ихтэй учраас засмал зам дээр машин сууж байна. Маш хүйтэн
байна. Одоогоор малын хорогдол байхгүй ч цаашид цаг энэ чигээрээ байх юм
бол эвгүй болох магадлалтай. Өнгөрсөн жил зуншлага сайн байсан учраас
өвс тэжээл, хадлан бордоог маш сайн бэлтгэсэн. Өвөрхангай аймгийн
хангайн сумдын малчид зэргэлдээх Булган аймгийн Дашинчилэн, Рашаант,
Гурванбулаг суманд отор хийж байна. Хэдий отор хийж байгаа ч малчдыг
хөөх байдал үүсч байгаа учраас дээрх сумдын дарга нартай гэрээ хэлцээр
хийж байна” гэсэн юм.

Булган аймгийн долоон суманд өвөлжилт хүндээд байгаа

Харин өвөлжилт Булган аймагт ямар байгаа талаар тус аймгийн Онцгой
байдлын газрын дарга З.Ууганбаяраас асуулаа. Энэ аймгийн долоон суманд
өвөлжилт хүнд болон хүндэвтэр байгаа гэлээ. Талдаа 10-15, ууландаа 20-30
см цастай, малын хорогдол гараагүй байгаа. Мал холын бэлчээрт гарахгүй,
байнгын орж байгаа нь цаашид өвс тэжээлийн хомсдолд орж  магадгүй учир
гадны аймаг сумдад тэжээл өвс зарахгүй шийдвэр гарсан гэлээ.

Мал хорогдоогүй ч өвөлжилт хүндэрчээ

Өнгөрсөн жилийн зуднаар маш хүнд байсан аймгийн нэг бол Завхан. Тус
аймгийн хувьд энэ жил ч цагийн байдал хүнд болжээ. Өнгөрсөн
арваннэгдүгээр сард цас их орсны дараа долоон хэм хүрч дулаарсан байна.
Түүний дараагаар маш их хүйтэрч цасан шуурга шуурснаас  хөрс мөстсөн
гэнэ. Одоогоор Баянтэс суманд байдал маш хүнд, Тэс, Баянхайрханд байдал
хүндэвтэр, Нөмрөг, Түдэвтэйд хүндэрч болзошгүй байгаа ажээ.
Одоогоор хаагдсан зам, давааны цас цэвэрлэх ажлыг хийж байгаа ажээ. Цас
цэвэрлэхэд хөрөнгө мөнгө их шаардагдаж байгаа учраас өөрсдийн хэмжээнд
зохих арга хэмжээг авч тухайн газруудад шатахууны туслалцаа үзүүлж
байгаа аж. Малчдын хувьд малаа ойрын бэлчээрт гаргаж тэжээж эхлээд
байгаа юм байна. Харин малын хорогдолгүй байна гэлээ. Цаг агаар сүүлийн
өдрүүдэд муудах төлөвтэй байгаа бөгөөд шөндөө 45-50 хэм, өдөртөө 35-40
хэм хүйтэрч байгааг хэлсэн юм.

Нийтийн тээвэр хэвийн явж байна

Хэдий баруун аймгуудад цаг хүнд байгаа ч  хот хоорондын нийтийн тээвэр
хэрхэн явж байгаа талаар “Драгон” авто вокзалынхнаас тодрууллаа.
Одоогоор нийтийн тээвэр хэвийн явж байгаа бөгөөд урьд явдаг байсан
цагаасаа удаан явж байгаа гэлээ. Үүнээс гадна хаагдсан зам давааг тухайн
аймаг сумын зам анги нээж байгаа болохоор ажил хэвийн байгаа гэсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын 23-нд  мал тооллогын
урьдчилсан дүнг зарласан. Үүгээр энэ оны жилийн эцэст манай улсын малын
нийт тоо 31828.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 12195.1 мянга буюу
27.7 хувиар буурсан дүн гарсан. 2009 оны жилийн эцэст нийтдээ улсын
хэмжээнд 44 сая мал тоологдсон бол 2010 онд  31 сая мал тооллоо. Энэ
жилийн хувьд нийтдээ улсын хэмжээнд зүй бусаар 9.7 сая мал хорогдсон
бөгөөд  дотоодын хүнсний хэрэглээнд нийтдээ найман сая орчим мал
хэрэглэсэн гэнэ. Түүнчлэн зүүн аймгуудад гарсан өвчний улмаас 28 мянган
малыг устгаж газарт булаад  байгаа.  Дээрх аймгуудын Онцгой байдлын
газрын дарга нарын мэдээллээс үзэхэд өнгөрсөн жилийнх шиг гамшиг болж
байгааг мэдэрсэн юм.  Мэдээж цаг ийм байдалтай үргэлжлэх юм бол удахгүй
малын хорогдол эхлэх нь гарцаагүй хэмээн тэд хэлж байлаа.

Э.ПАГМАДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж