АН сонгуулийн өмнө хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

АН сонгуулийн өмнө хуралдана

Н.Алтанхуяг: 2012 ОНЫ СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛНА

Ардчилсан намаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “4-11” сэтгүүлчидтэй уулзах цаг өчигдөр тохиосон юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Ээлжит бус их хурлыг хуралдуулах тухай асуудал яригдаж байна. Энэ тал дээр намын удирдлагууд тодорхой шийдэлд хүрсэн үү?

-Ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөн гэж байгуулагдсан байгаа. Тэр хүмүүстэй манай гишүүд ярилцсан. Тэгээд бид “Монгол хүн-2020” гэдэг хөтөлбөрөө ард иргэдээрээ хэлэлцүүлсний дараа Ээлжит бус их хурлыг 2012 оны сонгуулийн өмнө хийе гэж ярьсан байгаа.

-Тэгвэл ҮЗХ-ны хурал хэзээ болох вэ?

-ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн 11 дүгээр сарын 17-нд хуралдсан. Дараагийн хурлыг бид нэгдүгээр сард ч хийж магадгүй. Энэ хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлаар бид уулзаж, ярилцах учиртай байгаа.

-Саяхан батлагдсан УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд сэтгүүлчдийн эрхийг хязгаарласан тодорхой заалтууд байна. Энэ талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ, танай намын бүлгийн тодорхой гишүүд хуулийн төслийг санаачилсан байгаа?

-Бид энэ асуудал дээр одоохондоо намын байр суурь ч юм уу, ямар нэгэн бодлогын чанартай зүйл гаргаагүй. Их хурлын гишүүд, Засгийн газрын зүгээс оруулж ирсэн олон асуудал УИХ-аар хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг. Тиймээс энэ хуулийн тал дээр манай нам тусгайлан ингэж хийе ээ гэсэн бодлого гаргаагүй байгаа.

-Сонгуулийн хууль хэзээ хэлэлцэгдэж эхлэх вэ?

-Сонгуулийн хуулиар ажлын хэсгүүд байгуулагдаад, хэлэлцэгдээд явж байгаа. УИХ дээр хэлэлцээгүй боловч ажлын хэсэг дээр байр суурь, ойлголцлыг бий болгох талын ажил явж байна. Гэхдээ хараахан эцэслэгдээгүй байгаа. Бид ямар ч байсан бид нэг зүйлийг маш сайн боловсруулж, эртнээс хийх ёстой. Сонгуулийн хууль яаж ч өөрчлөгдсөн сонгууль шударга байх явдал дээр хоёр нам, парламентад суудалтай бусад намууд хамтран ажиллах ёстой. Хамгийн гол нь шударга л явуулах ёстой. Энэ тал дээр улс төрийн намууд хамтран ажиллаж, тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Танай намын бүлгийн хоёр гишүүн Засгийн газрын сайдыг огцруулах асуудлаар албан бичиг явуулаад байгаа. Бүлгийн удирдлагын зүгээс тэдэнтэй уулзсан уу?

-Манай намын бүлгийн удирдлага уулзаж ярилцсан байгаа.

-Яг ямар асуудал ярьж байгаа вэ?

-Уулзаад ярилцаад л явж байгаа. Хэн нэгэн гишүүний гаргасан санал, санаачилгыг боль гэдэг ч юм уу, нухчин дарах бодлогыг Ардчилсан нам барьдаггүй. Хувь гишүүний өөрийнх нь эрхийг илүү чухалчилж үздэг. Ардчилсан нам тэр байр суурин дээрээ байгаа. Гэхдээ тухайн асуудлыг цааш нь үргэлжлүүлээд Ардчилсан нам бүхэлдээ нийлээд Засгийн газрын сайдыг огцруулъя гэж байгаа юм уу гэж асууж байгаа бол одоохондоо хэлэх боломж алга. Энэ тухай асуудлыг бүлгийн хэмжээнд авч хэлэлцээгүй гэсэн үг. 

-Сонгуулийн хуулийг өөрчилье гэж ярьж байгаа боловч эцсийн дүндээ эргээд мажоритар системээ томсгох байдлаар батална гэх мэдээлэл байна?

-Бид сонгуулиа 76 тойрог­тойгоор хэд хэдэн удаа хийж үзсэн. Тэр бол их зохимжгүй юм гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хэдэн суман дундаас нэг гишүүн сонгогддог. Энэ нь улс орны хөгжлийн бодлогын төвшинд тийм ч зохимжтой бус байгаа юм. Тэр гишүүний ч буруу биш л дээ. Тойрогтоо багахан юм хийх гэж оролдох нь мэдээж. Үүний тулд улсын төсөв дээр хэдэн төгрөг хуваарилуулчих гээд л үзээд байдаг. Сонгогдсон тойрогтоо юм хийх гэж оролдож байгаа гишүүний буруу биш. Сонгуулийн тогтолцооны буруу. Тиймээс олон тойрогт хуваагддаг сонгуулийн тогтолцооноос татгалзаад байгаа. Ардчилсан нам энэ тал дээр шийдвэрээ гаргачихсан. Нөгөө талаас Монгол Улсыг 100 хувь нэг тойрог гэж үзээд, хүнийг нэр дэвшүүлэхгүйгээр намын төлөө санал өгье гэж байгаа. Энэ тал дээр хүмүүс бас түдгэлзэж байна. Яагаад гэхээр Үндсэн хуулинд УИХ-ын гишүүнийг сонгоно гээд заачихсан. Дээр нь ард иргэд хэн нэгэн хүнийг биш зөвхөн намыг дугуйлна гэдэг нь УИХ-ын гишүүн хүн ард иргэдээс хэтэрхий холдоод, нам тал руугаа явчихаад байна гэсэн шүүмжлэл байгаа. Тиймээс энэ хоёр хувилбарын дундыг барьж, нэг хэсэг нь намын нэрээр, нөгөө хэсэг нь тойрог дээр очиж өрсөлдөнө гэсэн хувилбар сонгоод холимог гэж нэрлэсэн. Тэгээд энэ хувилбараа яг яаж зохион байгуулах вэ гэдгээ л яриад явж байгаа.

-26:50 гэсэн хувилбараар явбал, 50 гишүүнийг намаар нь сонгох уу, гишүүнээр нь сонгох уу гэдэг дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ. Ардын намынхан нэрээ сольчихсон болохоор гишүүнээр нь сонгох нь илүү хэрэгтэй гэж үзэж байгаа гэх юм?

-Тэрэн дээр эцэслэн шийдээгүй. Манай намын бүлэг ерөнхийдөө намынх нь нэрээр санал хураачихаж болно гэж ярьж байгаа. МАН-ын зарим гишүүд болохоор “тэгэхгүй ээ, Үндсэн хуулинд хүнийг гэсэн юм чинь хүнийх нь төлөө санал өгнө” гэж байна. Нэг их том зарчмын ялгаа байхгүй мөртлөө иймэрхүү техникийн асуудал дээрээ эцэслээгүй байгаа юм.

-Ер нь сонгуулийн хуулиар танай нам ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Ардчилсан нам ямар ч байсан жижиг 76 тойрог болгосон сонгуулийн тогтолцоо хэрэггүй гэж үзэж байгаа. 100 хувь намын нэрээр явъя гэхээр бас хэрэггүй. Тэгэхээр холимог тогтолцоогоор хийе. Гэхдээ холимог дээрээ яг ийм байдлаар хийе гэдгээ шийдээгүй байгаа. Хамгийн гол нь энэ асуудлыг ямар нэгэн өөрт ашигтайгаар биш, ярьж хэлэлцэж байж, дундын хувилбарыг олох ёстой.

Л.ЭНХДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж