
Асуудал ийнхүү хурцдаж эхэлмэгц МАН-ын удирдах зөвлөл, бүлэг дээр сайдын асуудлыг авч хэлэлцээд, огцруулах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Мэдээж Д.Зоригт сайдыг огцруулбал, цаашлаад хамтарсан засгийн ирээдүй хөндөгдөх эрсдэлтэй болохоор улстөрчид эмээж буй биз ээ. Д.Зоригтыг биш хамтарсан засгийн ирээдүйг бодсондоо ийм алхам хийлээ гэж харж болох байх. Харин эрхэм сайд үүнийг үл ойлгосон уу, эсвэл ойлгосон ч ойлгоогүй царайлж сууна уу, мэдэхгүй юм.
Ардаа томоохон хамгаалалттай гэсэн шиг улам пээдийж, “яасан ч яадаг юм” гэх маягтай зүйл ярьж байна. Залуу хүний хувьд өөртэй итгэлтэй байж, тодорхой хэмжээнд бардамнаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд УИХ-ын гишүүнийг дорд үзэж, улс төрийн соёлгүй хандаж болохгүй байх. Юутай ч энэ удаагийн үйл явдал Д.Зоригт сайд гэж хэн бэ гэдэг асуултад бага боловч хариуллаа. Улс төрд орж ирээд хоёр жил бололгүй ийн “хамраа сөхөж” байгаа нь мэдээж олон хүнд таалагдсангүй.
Тийм ч учраас захаасаа эсэргүүцлээ илэрхийлж, огцруулна энэ тэр гээд явж байна. Уг нь түүнийг анх орж ирж байхад нь олон хүн итгэл хүлээлгэж, чадвартай, залуу боловсон хүчин хэмээн магтаж байлаа. Харин Д.Зоригт сайд тэдний итгэлийг даасангүй. Бүр алдчихлаа. Дараагийн удаад Д.Зоригт гэж хүнд ард түмэн итгэл үзүүлэх болов уу.
Л.ЭНХДЭЛГЭР