
Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголын есөн гайхамшиг”-ыг шалгаруулж дүнг зарлан, Хэнтий аймгаас “Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн газар нутгууд” монголын есөн гайхамшгийн нэгээр шалгарч, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар батламж гардан авлаа. Хэнтий аймагт аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдсээр байна. Тухайлбал энэ онд ар халхын Утай гүмбэн гэж алдаршсан Балданбэрээвэн хийдийн гол цогчин дуганыг бүрэн сэргээн засварлаж ашиглалтанд оруулан, Богд хааны хоёр хатан тодорсон түүхт Баян-Адарга суманд “Монгол хатадын өргөө”-г бүтээн босгож, ирэх хавар ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Мөн их эзэн богд Чингис хааны алтан ураг Шолой Сэцэн ханы санаачилгаар байгуулагдсан Сэцэнханы хүрээ-Гүндү-гаварлин хийдийн 350 жилийн ой, Бурхан багшийн 108 сувраганы нээлт, Өндөр гэгээн богд Зонхова, Дамдинсандүв бурхдын равнай, тахилгын их ёслол боллоо.