
Хэнтий аймаг 2010 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд сум, багт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг авч нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Үндэсний шинэтгэлийн хороонд хүргүүллээ. Энэ хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох багуудыг тохижуулах, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангах тал дээр бүрэн анхаарч ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн багцаас хөрөнгө оруулалт хийж, нэн тэргүүнд багийн төв бариулах Баянхутаг сумын Жаргалант баг, Баянмөнх сумын Дулаан баг, Баян-Овоо сумын Дэлгэрхаан баг, Сүмбэр баг, Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ баг, Баянцогт баг, Цэнхэрмандал сумын Нугаар баг, Өмнөдэлгэр сумын Талынбулаг баг, Дадал сумын Агац, Баян-Овоо багуудын байр барих тендерийн ажил явагдаж барилгын ажил хийгдэж байна. Багуудыг тохижуулахад зориулан хөдөөгийн бүх багт хоёр сая төгрөг, төвийн багуудад нэг сая төгрөг олгосон байна. Уг хөрөнгөөр багууд төвдөө засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулаад байгаа аж. Аймгийн 83 багт нийт 595,2 сая төгрөгийн төсөв батлагдаж, өөрсдийн хяналтанд цалин, тээвэр шатахуун, хэвлэл, томилолтын зардалд зарцууллаа. Багийн Засаг дарга нарын тавьсан хүсэлтийн дагуу 83 багийн дарга нарт өнгөрсөн тавдугаар сард 270,0 мянган төгрөгийн үнэ бүхий зургийн аппарат гардуулжээ. Аймгийн төвийн долоон багаас бусад бүх баг буюу 76 багийн Засаг даргад 950 мянган төгрөгийн үнэ бүхий мотоцикль өгч унаажууллаа.
И.Байгалмаа