Х.Тэмүүжин гишүүн Цэцтэй мэтгэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин гишүүн Цэцтэй мэтгэлцэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэц дунд шатны хуралдаанаар “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хуульч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй бол түүний хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зохицуулсан нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын 25 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын 25 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг авч хэлэлцээд 08 дугаар дүгнэлт гарган Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн.

    Харин өнөөдөр энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцлээ. Улсын дээд шүүхийн төлөөлөгчдийн үзэж буйгаар “Шүүгч сургалтанд суугаагүй нь шүүгчээр ажиллах эрхийг нь хураах үндэслэл болоход арай хатуудаж байна. Аливаа үйлдэлд тохирсон хариуцлага байх ёстой. Гэтэл ийнхүү шүүгчээр ажиллах эрхгүй болгож байгаа нь яавч тохирсон хариуцлага” биш гэв. 

    Баталсан хуулийнхаа өмнө хариуцлага хүлээж тайлбар өгөхөөр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Х.Тэмүүжин гишүүн хариу тайлбар гаргасан байна. Тэрээр “Үнэхээр хуулиудын хооронд зөрчил байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэгтэй санал нийлэхгүй. Шүүхийн тухай хуульд шүүгчийг огцруулах талаар зохицуулсан зохицуулалт байхгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна” гэв. Мөн  “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх маргааныг шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлаар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хуульч байнга сургалтанд сууж байх шаардлага нь нэгдүгээрт улс төрийн бодлого. Түүнчлэн олон нийтийн эрх зүйн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хуульчид үргэлжилсэн сургалтанд хамрагдаж байх шаардлагатай. Хуулиар зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтанд хамрагдаагүй бол эрхийг нь хүчингүй болгох тухай байгаа. Тэрнээс биш сургалтанд хамрагдаад яваа нөхцөлд энэ хуулийг хэрэглэх зүйл гарахгүй” гэв.

    Ийнхүү харилцан тайлбар хийж, мэтгэлцээний зарчмаар хуралдаан өрнөсөн бөгөөд энэ удаагийн хуралдааныг Цэцийн дарга “гайхамшигтай сайхан хуралдаан боллоо” хэмээн онцолсон. Тэрээр мөн “өмнө нь ийм хуулийн үндэслэлтэй, санаа оноо, онол зарчим дээр суурилсан хурал цөөхөн болж байлаа. Бид энэ асуудлаар үнэн зөв, үндэслэлтэй шийдвэр гаргах болно” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэц шийдвэрээ хаалттай өрөөнд зөвлөлдөж гаргахаар хуралдааны танхимаас гарцгаалаа.

    Б.Манд

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж