БТСГ-ын дарга өвлийн спортынхонтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга өвлийн спортынхонтой уулзлаа

Казахстаны Астана, Алмата хотуудад энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд Азийн өвлийн спортын VII их наадам болох гэж байна. Тус наадамд Ази тивийн 45 орны 550 гаруй тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөх бөгөөд манай улсаас гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, хоккей, бэнди, оринтьеринг, уран гулгалт зэрэг долоон төрөлд 77 тамирчин оролцох юм. Азийн өвлийн наадмын цанын спортын нэгэн төрөл болох оринтьеринг буюу зүг чиг олох төрөлд оролцох тамирчдыг өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч, уулзан өвлийн наадамд амжилттай оролцохыг хүслээ.

Азийн өвлийн наадмын оринтьерингийн төрөлд манай улсаас цанын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдэлгэрийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй тамирчин оролцох ажээ. Дээрх тамирчид өнгөрсөн хугацаанд эх орондоо бэлтгэл хийснээс гадна Казахстанд 21 хоног, Буриадад 14 хоногийн хугацаатай бэлтгэл хийсэн бөгөөд удахгүй Казахстаныг зорьж, тэнд олон улсын тамирчидтай 14 хоног хамтарсан бэлтгэл хийгээд шууд Азийн наадамдаа оролцох юм байна.

Энэхүү уулзалтын үеэр мөн Азийн өвлийн наадамд оролцох тамирчдад тэмцээний болон бэлтгэлийн хувцас хэрэглэл гардуулан өгсөн юм.

Азийн наадамд оролцох цанын шигшээ багийн ахлагч Б.Гэрэлт-Одтой уулзлаа.

-Монголын цаначид уламжлал ёсоор Азийн өвлийн наадмыг зорих гэж байна. Бэлтгэл сургуулилт хэр байна?

-Энэ жилийн Азийн өвлийн наадамд бид Монголын цанын холбооны бодлогоор нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болоод байгаа. Бэлтгэлээ ч сайн хийлээ. Зуны бэлтгэлийг анх удаа Казахстан улсад тус улсын шигшээ багтай хамтарч хийсэн. Ер нь бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байгаа.

-Цанын спорт бол мэдээж өвлийн спорт. Харин бусад улиралд тамирчид маань бэлтгэлээ хэрхэн хийж байна?

-Зуны бэлтгэлийг дугуйт цанаар л хийдэг. Манай оронд роликтой цанын бэлтгэл хийх нөхцөл жаахан тааруу. Тийм ч учраас өнгөрсөн зун Казахстанд очиж, роликоор нэлээд сайн бэлтгэл хийлээ. 21 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийсэн байгаа. Харин сая арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Sky Resort болон Хандгайт дахь цанын баазад цасан дээр анхны гарагаа хийж, цанын бэлтгэлээ хийж эхэлсэн. Мөн ОХУ-ын Буриадад очиж, хамтарсан бэлтгэл хийсэн байгаа.

-Цанын спортынхон маань Азийн өвлийн наадамд ямар амжилттай оролцох зорилт тавиад байга вэ?

-Монголын цанын холбооноос Ванкуверийн олимпийн наадмын дараа шигшээ багийг шинэчилж, зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Азийн өвлийн наадмаас медаль хүртэх зорилго тавиад байгаа. Азийн өвлийн наадмаас 20 жил завсардсан медалийг энэ жил эх орондоо авчрахаар зорьж байна.

Цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдэлгэр

-Азийн наадамд оролцох цанын баг тамирчдын бүрэлдэхүүний хувьд та ямар бодолтой байна?

-Ванкуверийн өвлийн олимпийн наадмын дараа цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийсэн байгаа. Одоогийн баг маань ерөнхийдөө шинэ, саяхан байгуулагдсан шигшээ баг юм. Дандаа залуу тамирчид оролцоно. Эрэгтэй тамирчдын дундаж нас 21, эмэгтэй тамирчдын хувьд 19 байна. Анх удаа олон улсын тэмцээнд оролцох гэж буй шинэ баг бөгөөд 2014 оны Сочигийн өвлийн олимпод бэлтгэх баг тамирчдын суурь гэж болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж