Угаартсан сургууль, цэцэрлэг хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Угаартсан сургууль, цэцэрлэг хэвийн байна

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дахь 40 дүгээр дунд сургууль болон 86, 161 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд өчигдөр  11,00 цагийн үед сургууль, цэцэрлэг дээрээ угаартах шахсан  ноцтой хэрэг гарсан юм. Тухайн үед гэнэт сургууль, цэцэрлэгийн байр утаагаар дүүрч, багш, хүүхдүүд, ажилчдын хоолой нүд хорсон суух аргагүйд хүрсэн аж.  86 дугаар цэцэрлэгийн дэргэдэх эзгүй хашаанд байрлах траншейнд хог шатсанаас уг бохирын хоолойгоор дамжин сургууль, цэцэрлэгт утаа орсон байжээ. Тиймээс сургууль цэцэрлэгийн багш, удирдлагууд яаралтай тусламж дуудаж, мөн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн билээ. Иймд өнөөдөр дээрх сургууль цэцэрлэгүүдэд утааг угаар ямар байгааг болон сургууль, цэцэрлэг ажиллаж байгаа эсэхийг тодруулаа. 

86 дугаар цэцэрлэгийн дэргэд эзэнгүй хашаанд цөөнгүй траншей байдаг гэнэ. Тэдгээр траншейн нэгэнд гал асааснаас дулааны шугам хоолойгоор утаа нь дамжиж цэцэрлэгийн барилгад угаар болон очсон аж. Тухайн үед тус цэцэрлэгт 280 орчим хүүхэд хүмүүжиж хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, гэр лүү нь буцаажээ. Харин өнөөдөр цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна хэмээн тус цэцэрлэгийн жижүүр хэлж байна. 161 дүгээр цэцэрлэгийн хувьд өчигдөр угаар бага орсон тул хичээл хэвийн үргэлжилсэн аж.

Харин 40 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэндолгортой холбогдоход “Өнөөдөр хичээл хэвийн үргэлжилж байна. Өчигдөр 11 цагийн үед сургуулийн нэг давхар битүү утаа, хоёр давхарт утаа бүрхэж эхэлсэн тул үдээс хойших хичээлийг тараасан. Тухайн үед сургуульд 320 гаруй хүүхэд хичээллэж байсан.  Сургуулийн ойролцоох эзэнгүй хашаанд байх траншейд орон гэргүй хүүс хөнжил шатааснаас уг гал гарсан юм билээ. Холбогдох албаныхан  эзэнгүй траншейнуудыг хариуцах эзэнтэй тагтай болговол ийм асуудал гарахгүй. Дашрамд хэлэхэд, уг эзэнгүй хашааг баригдахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай байрлаж байсан. Гэвч хэн нэгэн нь уг газрыг авч хашаа хатгаад эзэнгүй олгож орхисон. Мөн сургуулийн ойр орчимд байх гараж, хашаа зэргийг олноор барьснаас  тэр хавиар сурагчдыг дээрэмдэх, зодох асуудал удаа дараа гарч байна. Хамгийн гол нь хүүхдийн байгууллагын аюулгүй сурч хүмүүжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин улам бүр хумигдаж байгаад холбогдох албаныхан анхааралаа хандуулахыг хүсч байна.”  

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж