“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг нийтэлсэн байна. Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл, тэмдэгтийн хураамжийн хэмжээтэй та зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой. Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ, консулын үйлчилгээ, тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээтэй холбоотой мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас  авах болно. Түүнчлэн галт зэвсэг эзэмших, худалдах, тээвэрлэх, бүртгэх, харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрөл олгоход, сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах хураамжийн хэмжээ,  Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход ямар хураамж төлөх талаархи мэдээллийг өгнө. Байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, түлш, эрчим хүчний, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн, үйлдвэр худалдааны, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, барилга хот байгуулалт, зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ямар хураамжтай байхыг эмхтгэл хэлж өгнө. Улсын тэмдэгтийн хураамжийн бүхий л хэмжээ, тарифын жагсаалт зөвхөн “Төрийн мэдээлэл”-д бий.

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв. Уг зөвлөлийн даргаар Улсын ерөнхий прокурорын орлогч ажиллах бөгөөд зөвлөлийн гишүүдийн нэрс, албан тушаал бүхий хавсралтыг мөн нийтэллээ.

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Иргэний бүртгэлийн үйлчилгээ буюу төрсөн иргэнийг бүртгэх, гэрлэлттэй холбоотой бүртгэл, эцэг тогтоох , нас барсныг бүртгэх үйлчилгээний төлбөртэй “Төрийн мэдээлэл”-ээс танилцаарай. Архивын үйлчилгээ, гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ буюу гадаад паспорт олголтын үнэ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ буюу байр орон сууц, газрыг улсын бүртгэлд бүртгэх, худалдан борлуулах, бэлэглэх, өв залгамжлах, барьцаалахтай холбоотой бүхий л үйлчилгээний үнийн талаархи нарийн мэдээллийг “Төрийн мэдээлэл”-ээс уншиж болох нь.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж