”Дорнод уран”-ны ТУЗ-ийг томилох асуудал сунжрахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

”Дорнод уран”-ны ТУЗ-ийг томилох асуудал сунжрахгүй

Манай улс, ОХУ-ын Засгийн газартай хамтран “Дорнод уран” компани байгуулах асуудлыг удаан хэлэлцсэн. Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Дорнод уран” хамтарсан компани байгуулахад ойлгомжгүй байсан олон асууд­лыг нэг тийш нь болгосон. Түүнчлэн хамтарсан компанид Монголын талын эзэмших хувь 51, ОХУ-ын эзэмших хувь 49 байна гэдгийг шийдсэн. Мөн Төлөө­лөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь харилцан тав, таван хүний бүрэлдэхүүнтэй байна. ТУЗ-ийн дарга нь Монголын талаас байна гэдгийг тохирсон юм.  “Дорнод уран” хамтарсан компанийн Монго­лын талын ТУЗ-ийг томи­лох асуудал юу болж байгаа та­лаар Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалангаас тод­рууллаа. 

-“Дорнод уран” хамтарсан компанийн Монголын талын ТУЗ-ийг хэзээ томилох вэ?

-Монголын талаас төрийн өмчит “Мон Атом” компани “Дор­нод уран” компанийг байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Өнгөрсөн сард Москвад  үзэглэсэн хэлэлцээрээр “Дорнод Уран” компани байгуулахаар болж, олон асуудлыг шийдсэн. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын хуулийн дагуу бүх үйл ажиллагааг явуулахаар өмнө нь тохирсон байсан ажлаа баталгаажууллаа гэ­сэн үг. Цөмийн энергийн газар “Дорнод уран” хамтарсан компа­нийг байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогоор нь удирдана. Цөмийн энергийн газраас гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр “Мон Атом” компанитай ярил­цаж, удирдаж чиглүүлэх үүргийн дагуу ажиллаж байна. Ойрын хугацаанд “Мон Атом” төрийн өм­чит компанийн ТУЗ хуралдана. Энэ хурал дээр хамтарсан компа­нийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдийг томилох болов уу гэж бодож байна.

-Хамтарсан компанийн ТУЗ-ийг томилох тодорхой хугацаа заасан байгаа юу?

-Хоёр талаасаа тав, таван хүний бүрэл­дэхүүнтэй байхаар ТУЗ-ийн тоог тохир­сон. ТУЗ-ийн дарга нь Монголын талаас байна гэдэг тодор­хой болсон. Монгол Улсын хол­бог­дох хуулийн дагуу одоо компанийг бүрт­гүү­лэх, аж ахуйн үйл ажиллагаа явуу­лахад ямар бичиг баримт бүр­дүүлдэг вэ тэр бүгдийг л хоёр талаас гарсан хамтарсан ажлын хэсгүүд боловсруулж ажиллаж байна. Үүний дараа хамтарсан компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Наана нь компани болон ТУЗ-өө байгуулах, гүйцэтгэх захирлаа томилох процедурууд тодорхой графикаар явна. ТУЗ-ийг томилох асуудал тодорхойгүй сунж­раад байх зүйл биш. Асуудал нэгэнт хөдөлчихсөн учир хэрэгжүүлэх үүргийг хоёр тал зохион байгуулна.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж