
-“Дорнод уран” хамтарсан компанийн Монголын талын ТУЗ-ийг хэзээ томилох вэ?
-Монголын талаас төрийн өмчит “Мон Атом” компани “Дорнод уран” компанийг байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Өнгөрсөн сард Москвад үзэглэсэн хэлэлцээрээр “Дорнод Уран” компани байгуулахаар болж, олон асуудлыг шийдсэн. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын хуулийн дагуу бүх үйл ажиллагааг явуулахаар өмнө нь тохирсон байсан ажлаа баталгаажууллаа гэсэн үг. Цөмийн энергийн газар “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогоор нь удирдана. Цөмийн энергийн газраас гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр “Мон Атом” компанитай ярилцаж, удирдаж чиглүүлэх үүргийн дагуу ажиллаж байна. Ойрын хугацаанд “Мон Атом” төрийн өмчит компанийн ТУЗ хуралдана. Энэ хурал дээр хамтарсан компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдийг томилох болов уу гэж бодож байна.
-Хамтарсан компанийн ТУЗ-ийг томилох тодорхой хугацаа заасан байгаа юу?
-Хоёр талаасаа тав, таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар ТУЗ-ийн тоог тохирсон. ТУЗ-ийн дарга нь Монголын талаас байна гэдэг тодорхой болсон. Монгол Улсын холбогдох хуулийн дагуу одоо компанийг бүртгүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ тэр бүгдийг л хоёр талаас гарсан хамтарсан ажлын хэсгүүд боловсруулж ажиллаж байна. Үүний дараа хамтарсан компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Наана нь компани болон ТУЗ-өө байгуулах, гүйцэтгэх захирлаа томилох процедурууд тодорхой графикаар явна. ТУЗ-ийг томилох асуудал тодорхойгүй сунжраад байх зүйл биш. Асуудал нэгэнт хөдөлчихсөн учир хэрэгжүүлэх үүргийг хоёр тал зохион байгуулна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин