Хувьцаанд монголчууд нөлөөлөхөө больжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хувьцаанд монголчууд нөлөөлөхөө больжээ

Монголд Оюутолгойн гэрээтэй хол­боотой том, жижиг маргаан дэг­дэх бүрт олон улсын биржид арилжаа хийж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханшид илт сөрөг нөлөө үзүүлдэг байсан. Тэгвэл сүүлийн үед Монголын улс төрд дээрх сэдэвтэй холбогдож үүссэн нөхцөл байдал “Айвенхоу Майнз”-ынхныг айлгахгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний хөдөлгөөнийхний хийрхэл бус, улс төрийн халуун тогоонд Оюутолгойн гэрээний талаар ноцтой маргаан дэгдсэн ч тус компанийн хувьцаа сүйдтэй доошилсонгүй. Урьд нь хэдэн тэмцэгч л уг гэрээг “Булхай, луйвар” хэмээн тодотгодог байсан. Харин шинэ он гарахын өмнөхөн УИХ-ын эрхэм гишүүд Оюутолгойн гэрээнд ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж ийм агуулгатай үгийг амнаасаа хамаагүй унагаж эхэлсэн билээ. Бүр сүүлдээ тус гэрээг үзэглэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн сайд нарыг огцруулах юм болоод явчихав. “Яг энэ эгзэгтэй үед л “Айвенхоу Майнз”-ын хувьцаа нэ­лээд хувиар унана даа” хэмээн өр­сөл­дөгчид нь баярлаж байв. Гэтэл тийм юм болсонгүй. Сүүлийн нэг сарын турш хувьцааны ханш нь тогтвортой байгаад зогсох­гүй энэ долоо хоногоос эхлэн бага­гүй өсөлт ажиглагдаж эхэллээ. Тод­руул­бал, Торонтогийн бирж дэх “Айвен­хоу Майнз”-ын нэгж хувьцааны үнэ өнгөрсөн мягмар гарагт 2.49, лхагва гарагт 1.40 хувиар тус тус өссөн юм. Тэгвэл өчигдрийн байдлаар 0.71 хувиар өсч, 23.99 канад доллар бол­жээ. Хэдийгээр “Айвенхоу Майнз”-ын талаас “Оюутолгой” ХХК-ийн за­хир­лаар ажиллаж байсан Кийт Мар­шаллын оронд “Рио Тинто”-оос Камерон Макрай гэх эрхэм томи­л­сон ч тэдний ашиг орлогод сө­рөг нөлөө үзүүлсэнгүй. “Рио Тин­то”, “Айвенхоу Майнз”-ын хооронд хоёр өнгөр­сөн хавраас хойш өрнүүлсэн хувь эзэмшлийн маргааныг оны өмнөхөн Улаанбаатарт шийдсэн. “Айвенхоу”-ын 43 хувийг “Рио Тинто” эзэмшихээр болоод зогсохгүй цаашид 49 хүртэл хувийг эзэмших эрх нь ч нээлттэй үлдэж байгаа. Учир нь тэдний мар­гааныг таслах арбитрын шүүх ху­рал хагас жилээр хойшилсон юм. “Оюутолгой”-н удирдлага “Айвен­хоу Майнз”-аас “Рио Тинто” руу шилжсэн нь монголчуудын хувьд ашиг­тай. Яагаад гэвэл “Рио Тинто” дэл­хийн уул уурхайн “акул” шүү дээ.

“Айвенхоу Майнз”-ын хувьцаа­ны ханшид Монголын улс төр нөлөө­лөхөө больж байна гэсэн үндсэн сэ­­дэв рүүгээ эргэн оръё. Дээрх то­моо­хон үйл явдлуудтай зэрэгцэн Оюутол­гойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдчихээд байгаа. Ха­рин сүүлийн үеийн маргааны гол агуулга болох “Давуу эрхийн хувь­цаа гаргах замаар санхүүжилт та­тах нь Монголын эзэмшлийн 34 ху­вийг бууруулна” гэсэн яриаг Зас­гийн газар үгүйсгэсэн юм. Гэхдээ Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн хооронд үүссэн уг маргаанд өнөөдрийн байдлаар хэн ч цэг тавиагүй байна. Ялангуяа, албан тушаал, сандал суудалтай холбоотой асуудал улам даамжирч буй. Бараг л өдөр бүр нэг хүн энэ сэдвийг барьж авдаг болсон. Үүнээс үүдэн олны ан­хаарал ч үүнд нэлээд төвлөрч байна. 

Нөхцөл байдал ийн хурцдаж байхад “Айвенхоу Майнз”-ын хувь­цаанд өөрчлөлт орохгүй байгаа нь сонин. Уг нь тэр компани Монголынх биш. Хувьцааны ханш нь унана уу, байна уу бидэнд огт пад­гүй. Гэхдээ урьд нь ялихгүй маргаан дээр хангалттай савалдаг байсан өөрчлөлт ийм үед огт гарахаа больсон нь олон зүйлд хариулт өгч байгаа юм. Нэг талаас “Оюутолгойн гэрээг одоо орол­доод хэрэггүй. Оролдсон ч “Айвен­хоу Майнз”-д гай болохоосоо нэ­гэнт өнгөрсөн” гэсэн санааг хэлж байх шиг. Нөгөөтэйгүүр Монголын улстөрчдийн энэхүү эх адаггүй маргаан Оюутолгойн гэрээ хийгээд монголчуудын эрх ашгийн төлөө гэсэн зорилго агуулаагүй. Ердөө л албан тушаал, эрх мэдэл, хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй марзан шоу гэдгийг баталж байна. Улстөрчид нь ч, иргэний хөдөлгөөн нь ч мөн чанараа алдаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах нэрэн дор цээжээ хий хоосон дэлддэг болсон хойно арга ч үгүй биз. Энэ бүхнийг гадарладаг болсон хөрөнгийн зах зээлд оролцогчид Монголоос огт эмээхээ байчихаж.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж